1
2
3
4

Үнэгэн малгайнаас эхлээд үүргэвч цүнхийг ч төвөггүй урладаг үйлэнд уран ЭЭЖҮҮД

П.Сайнжаргал, IKON.MN
45 минутын өмнө
iKon.MN
@mpa
@mpa

Үнэгэн малгайнаас эхлээд үүргэвч цүнхийг ч төвөггүй урладаг үйлэнд уран ЭЭЖҮҮД

Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос Ikon.mn мэдээллийн сайт ЦУВРАЛ сурвалжилгаа бэлтгэн хүргэж байна. Энэ удаад үйлэнд УРАН ЭЭЖҮҮД-ийг онцлон танилцуулъя. 

Казах эхнэрүүд оёж хатгахдаа хэнийг ч гаргаахгүй ур дүйтэй, голцуу хээ хуараар чимэглэсэн хувцас өмсдөг нь эмэгтэйчүүдийн уран чадварыг батлан харуулах илэрхийлэл, өв соёлоо сурталчлан таниулах тэмдэг болдог аж. Тиймдээ ч бэрийн уран шаглааг өмсгөл зүүсгэл, эдлэл хэрэглэлээс нь төвөггүй мэдэж болохоор. 

Толгойгоо алчуураар ороож, биеийнхээ бусад хэсгийг далдалсан битүү хувцас өмсдөг ёсыг казах бүсгүйчүүд баримтална. Энэ нь исламын шашны дэг жаягаас гадна цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэдэгтэй холбоотой аж.

Хоол унд бэлдэхэд хүний аяганд бохир орохоос болгоомжилж үсээ боож алчуур зүүнэ.

Казах уламжлалд эмэгтэй хүний үсийг даруу зан, ариун чанар, ёс жаяг гэсэн утгатай холбож үздэг учраас ил задгай байлгахыг зохимжгүйд тооцож иржээ. Иймд үсээ задгай тавьдаггүй.

/Гэрэл зургийг хажуу тийш гүйлгэж харна уу/

Тэд охиноо айлд бэр оруулахдаа ЭЭЖИЙН НҮД хэмээн бэлгэдэж хоймрын аравч урлаж бэлэглэдэг. 

Айлын эхнэр болж өрх тусгаарласан ч "ээж нь чамтай хамт" хэмээх утгыг илтгэж, өөрийн гараар аравч оёж охиндоо өгдөг уламжлалтай аж. Харин айлын эхнэр болсон охин ээжийнхээ адил үйлэнд уран нэгэн болохоор шамдана. 

Яг л энэ жишгээр шамдан суралцаж, амьдралынхаа 40-50 жилийг оёж хатгах үйлд зориулж яваа онцгой хоёр зочныг танилцуулж байна. 

42 жил оёдолчноор ажиллаж буй Ж.Бахытгүлийн ажил амьдралын түүхийг өгүүлье. 

Зураг

🌸"Намайг Бахытгүл гэдэг. Монголоор орчуулбал Жаргалцэцэг"🌸

Тэрбээр 16 настайгаасаа эхлэн оёдолчноор ажиллажээ. Анхны оёдлын эсгүүрээ ээжээсээ сурч, цаашлаад МСҮТ-ийг оёдолчин мэргэжлээр төгссөн байна. 

Эзэмшсэн мэргэжилдээ үнэнч зүтгэсээр өдгөө 42 дахь жилдээ оёдолчноор ажиллаж, цүнх, ороолт, малгайнаас эхлээд төрөл бүрийн хувцас хэрэглэлийг төвөггүй урлаж сууна. 

"Намайг Жанхабай овогтой Бахытгүл гэдэг. Миний нэрийг монголоор орчуулбал Жаргалцэцэг болно" хэмээн тэрбээр өөрийгөө танилцуулснаар бидний яриа эхэлсэн юм. 

Түүний ажлын гараа Дорноговь аймгийн оёдлын үйлдвэрээс эхэлжээ. Анх гэрийн бүрээс хийж туршлагажаад илүү нарийн ур дүйг цааш суралцсаар захиалгаар хувцас хэрэглэл оёдог болов. Ийнхүү тасралтгүй хөдөлмөрлөсөөр 50 настайдаа тэтгэвэрт гарсан байна. 

Тэтгэвэрт гарлаа гээд тэр зүгээр суухыг хүссэнгүй. 

"Залуугаараа гэрт суултай биш. Оёдлын ажлаа залгуулаад хийж байгаа" гэдгээ хэлээд инээмсэглэв. 

Одоо 58 настай Ж.Бахытгүл дөрвөн хүүхдээ мэргэжил мэдлэгтэй болгохын тулд "Нэг өдөр ч залхуурч сууж болохгүй" гэдгийг өөртөө байнга сануулдаг байснаа ярина. 

/Гэрэл зургийг хажуу тийш гүйлгэж харна уу/

Ж.Бахытгүл хоёр хүү, хоёр охинтой. Хүүхдүүд нь бүгд их дээд сургуулиа төгсөж, ажил амьдралын талбарт гялалзаж яваа залуус. 

Манай нэг хүү гэрлээгүй, бусад нь өрх тусгаарласан хэмээн ярина. 

Одоо тэрбээр 15 хүнийг цалинжуулж ажиллаж байна. Тогтсон ажилгүй гэртээ байгаа эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж, казах үндэсний гар урлал, хатгамал хийж хамтын хүчээр зүтгэж байгаагаа хэллээ.  

"Эдгээр цүнхийг бүгдийг гараар нарийн хатгана. Би өөрөө зурж, утсыг нь тааруулдаг. Үүний дараа ажилчдадаа өгөөд тэд цөм гэр гэртээ гар хатгамал хийгээд авчирдаг юм. Нэг үүргэвчийг хоёр долоо хоног гараар хатгаад хүргэж ирдэг. 

Дараа нь индүүдэж, цэвэрлээд эсгүүр хийж энд зарна" хэмээн тайлбарлалаа.  

Зундаа жуулчид их ирдэг болохоор борлуулалт сайн. Харин өвлийн улиралд гар урлалын бүтээгдэхүүнээ бэлтгэх ажил эд өрнөнө. 

"Хүн хөдөлмөрлөж зүтгэж байж л хэдэн төгрөг олж амьдарна. Гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө ажилласаар байх хэрэгтэй" хэмээн Ж.Бахытгүлийн хэлсэн үг түүнийг ямар ХӨДӨЛМӨРЧ ЭЭЖ болохыг илтгэнэ. 
Зураг

💖"Миний ээж миний багш"💖

Бидний сурвалжилгын дараагийн зочин үйлэнд уран ээж Т.Өркенийг танилцуулж байна. 

Тэрбээр 14 настайгаасаа эхлэн 60 хүртлээ оёдол хатгамал урлаж яваа нэгэн. Үндэсний өвлөн уламжлагч, уран гартай эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон түүний амьдралын түүхийг өгүүлье. 

Оёдлын ур чадварыг анх ээжээсээ суралцаж, энэ л чадварынхаа ачаар өдийг хүртэл ажилтай орлоготой яваагаа тэрбээр хэлнэ.

Казах уламжлалд хувцас хэрэглэл, ширдэг, аравчнаас авхуулаад бүх зүйлийг хээ угалз, оёдол хатгамлаар чимэглэж, ангийн арьсаар хийдэг. 

"Энэ бүх хатгамал казах үндэсний малгайг хэрхэн яаж хийхийг анх ээжээсээ сурсан. Тиймээс миний ээж бол миний багш. Би амьдралынхаа 46 жилийг оёж хатгахад зориулж яваа" гэлээ. 

Ийнхүү хөдөлмөрийнхөө хүчинд дөрвөн хүүхдээ гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэж, их дээд сургуульд сургаж эрдэм мэдлэгтэй хүмүүс болгож чадсанаа ярина. 

/Гэрэл зургийг хажуу тийш гүйлгэж харна уу/ 

Одоо Т.Өркений хүүхдүүд бүгд тусдаа гарчээ. Ээжийнхээ уран чадварыг хүү нь ч мөн дуурайсан тул оёдлын газартаа ээж, хүү, бэр гурав хамтдаа ажиллаж байна. 

Үнэгэн малгай өмссөн энэ залуу түүний дунд хүү. МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийг төгсжээ. 

Харин том хүү нь ШУТИС-ийн дизайны ангийг дүүргэсэн байна. Дараагийн хүү нь Зоонозын өвчин судлалын үндэсний төвд биологичоор ажилладаг. "Ганц охин минь төрөх тасагт нярайн их эмчээр ажиллаж байгаа. Надаас сурсан юмаа бүгдээрээ хийдэг" хэмээн хүүхдүүдээ танилцуулна.  

Уран хатгамалч Т.Өркен өмнө нь хөдөө Улаанхус суманд бага ангийн багшаар ажилладаг байжээ. Улмаар аймгийн төвд нүүж ирэхэд ажлын байр байгаагүй тул мөнгө олж хүүхдүүдээ сургахын тулд оёдол, хатгамал хийж зардаг болсон аж. 

"Дөрвөн хүүхэд маань дөрвүүлээ их дээд сургууль төгсөөд одоо амьдралтай золголоо. Энэ бүхэн оёж хатгасан хөдөлмөрийн үр дүн үнэ цэн" гэлээ. 

46 жил оёдолчноор ажиллахдаа тэрбээр 60 гаруй шавьтай болжээ. 

Хатгамал хатгах, үнэгэн малгай хийх, үндэсний хувцас оёх, гар урлал хийхээс эхлээд өөрийн эрдэм мэдлэг, арга туршлагыг шавь нартаа харамгүй зааж сургасан байна.  

Т.Өркен оёдолчноор ажиллаж эхэлсэн цагаасаа хойш 1,000 гаруй малгай урласан. 

Нэг малгайг 150,000 төгрөгөөр үнэлж борлуулна. Харин үнэгэн малгай 800,000 төгрөгийн үнэтэй. 

Үнэгэн малгай оёход тусгай арга бий. Ажиллагаа ихтэй энэ малгайг хийхэд үнэгний /год/ буюу хөлийн арьсыг ашигладаг байна.

Малгайгаа оёхоос өмнө үнэгний арьсаа сайтар угааж, элдээд өнгийг нь зөрүүлэхгүй тааруулж оёх учиртай. Дөрвөн талт малгайг урлахдаа эсгийгээр хатуулга хийж доторлодог уламжлалтай.

Дээр үед морьтон баатрууд дайн тулаанд явахдаа хүзүү толгойгоо илднээс хамгаалж ар шилээ дарсан эсгий дотортой энэ малгайг өмсдөг байсныг тэрбээр тайлбарлав. 
Зураг

✨👰‍♀️✨"Залуу бүсгүйчүүд улаан, цагаан өнгийн даашинзаар гоёно"✨👰‍♀️✨

Ээжийгээ амьд сэрүүн байхад даавуун дээр дандаа хээ хуар зуруулж аваад хатгадаг байсан сан. Миний ээж нэг том аравчийг 14 хоногийн дотор оёчихдог уран хүн байсан.

Анх сурч байхдаа "Ээж энийг яадаг билээ, ээж энийг ингэж хийх үү?" гэж байнга асууна. Түүнийгээ өөд болсон цагаас хойш өөрөө өөртөө л найдаж, оёдлоо үргэлжлүүлсэн хэмээн Т.Өркен дурсамжаа өгүүлнэ. 

Одоо тэр ач охиндоо оёдол, хатгамал яаж хийхийг зааж байна."Жил бүр наймдугаар сард болдог нүүдэлчин наадамд ач охиноо дагуулж очдог. Миний ач 14 настай, одоо аравдугаар ангийн сурагч" хэмээн танилцуулав. 

Энэ бол түүний ач охины оёж байгаа цэцгэн хээтэй хатгамал. 

/Гэрэл зургийг хажуу тийш гүйлгэж харна уу/ 

Казах ёсонд охиноо хадамд гаргаж буй ээж бүх эдлэл хэрэгслийг нь өөрөө оёж өгдөг. Аз жаргал, сайн сайхныг бэлгэдэж улаан, цагаан өнгийг залуу бүсгүйчүүд сонгож хуримын гоёлоо бэлдэх нь түгээмэл. 

Ажил, амьдралын зам нь үргэлж дардан байхыг бэлгэдэж ЭЭЖ нь охиндоо уран хээгээр шаглаж урласан бэлгээ дурсгана. 

🧵🧵🧵

Сурвалжилгыг бэлтгэсэн:

Сэтгүүлч П.Сайнжаргал /Sainjargal___/

Гэрэл зурагчин Д.Эрдэнэцэцэг /Erdenetsetseg Eki/

Гэрэл зургийг Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос авав.