Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Hakuho Cup 2026" тэмцээн Японы Токио хотын "Toyata Center"-т энэ сарын 6-наас 7-нд боллоо.
Японы мэргэжлийн сүмогийн холбооноос гарснаас хойш Олон Улсын Сүмогийн Холбоог өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн их аваргын хувьд энэ тэмцээн эхнийх нь алхам болсон юм. Тиймээс ч өмнө нь зөвхөн бага насны хүүхдүүд өрсөлддөг байсан бол энэ удаад 19 орны насанд хүрэгчид, эмэгтэйчүүдийн ангилал нэмэгджээ.
Нийт 1,700 гаруй тамирчид оролцсоноос "Physical Asia" нэвтрүүлгээр монголчуудын сайн танил болсон Австралийн Эдди Уильямс, улсын арслан Э.Батмагнай нар хүч сорьсон байна.
Хакүхогийн тэмцээнд анх удаа Олон Улсын Сүмогийн Холбоо хамтран зохион байгуулагчаар оролцсон. Озеки асан Эстонийн Барүто, комүсүби цол хүртэж явсан Гүржийн анхны сүмоч Коккай зэрэг өдгөө улсынхаа сүмогийн холбоог удирдаж байгаа олон зүтгэлтнүүд энэ тэмцээнд шавь нараа оролцууллаа.
Мөн эмэгтэйчүүдийг барилдуулсан нь жендэрийн тэгш эрхийг хангах нэг алхам байв. Ингэснээр сүмог олимпод оруулах алсын бодлогод нь эергээр нөлөөлөх учиртай. Хакүхо 2036 оны олимпын хөтөлбөрт сүмог оруулах хэтийн төлөвлөгөөтэй байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!