Ерөнхий сайд Санае Такаичигаар удирдуулсан Японы эрх баригч нам Ням гарагт болсон парламентын ээлжит бус сонгуульд томоохон ялалт байгуулжээ.
Түүний Либерал Ардчилсан намын тэргүүлсэн эвсэл Японы парламентын доод танхимын 465 суудлын 352-ыг нь авсан бол Либерал Ардчилсан нам дангаараа 316 суудал авч, олонх болсныг олон нийтийн телевизийн NHK суваг мэдээлж байна.
Японы анхны эмэгтэй ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш дөрвөн сарын дараа Такаичи парламент дахь суудлын тоогоо ахиулахын тулд ээлжит бус сонгууль зарласан нь ийнхүү амжилттай болжээ.
Түүний өмнөх хоёр ерөнхий сайд ийм оролдлого хийсэн ч авлигатай холбоотой дуулиан, амьжиргааны өртгийн өсөлт зэрэг асуудлуудын улмаас олонхын байр сууриа алдаж байсан юм.
Сонгуулийн өмнө Такаичи хэрвээ нам нь олонх болж чадахгүй бол ерөнхий сайдын суудлаас огцрохоо амлаж байлаа. Үүнийг ажиглагчид томоохон бооцоо гэж үзэж байсан юм.
2024 онд болсон сонгуулиар Либерал Ардчилсан нам парламентын хоёр танхимд аль алинд нь олонхын суудлаа алдаж, Комейто намтай байгуулсан хэдэн арван жилийн түүхтэй эвсэл нь задарч байлаа.
Гэвч Такаичигийн үед намын нэр хүнд сэргэж, засгийн газрынх нь олон нийтийн дэмжлэг 70 орчим хувьд хэлбэлзэж байна.
Либерал Ардчилсан намын одоогийн эвслийн түнш Японы Инновацын нам 36 суудал авсан бол сөрөг хүчний намууд нийлээд 113 суудалтай болжээ.
Сонгуулийн дүн албан ёсоор батлагдвал Такаичи өөрийн консерватив мөрийн хөтөлбөрийг саадгүй хэрэгжүүлэх хүчтэй болох юм.
АНУ-ын сангийн сайд Скотт Бессент “том ялалт” байгуулсан Такаичид баяр хүргээд “Япон хүчтэй байвал Ази тивд АНУ хүчтэй” гэж мэдэгджээ.
Японы ард иргэд сүүлийн 36 жилийн хугацаанд анх удаагаа өвлийн улиралд зохион байгуулагдсан сонгуульд саналаа өгсөн юм.
Ням гарагийн өглөө Токио хотод их цас орж, Японы тээврийн яам 37 галт тэрэгний шугам, 58 усан зам түр хаагдаж, 54 нислэг цуцлагдсаныг мэдээлсэн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!