2023 онд Дарь эхэд болсон үертэй ижил нөхцөл байдал Сонгинохайрхан дүүрэгт дахин үүсэхийг үгүйсгэхгүйг мэргэжлийн байгууллагаас мэдэгдэв.
Энэ тухай Геодези Усны Барилга Байгууламжийн Газрын дарга Б.Бямбасайхан "Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, иргэдийн сайн мэддэгээр 22-ын товчооны авто замын урд талын хэсэг, Авто худалдааны төв орчимд ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүрэгт байгаа үерийн далангуудын төгсгөл буюу Туул голтой нийлж байгаа зөрчилтэй хэсгүүдэд ажиллаж байгаа юм. Орбит, Найрамдал, Тахилт, Толгойтод хоёр том үерийн байгууламж бий. 22-ын товчооны Авто худалдааны төвийн ард талын жалга, Баруун нарангийн үерийн хамгаалалтын 22 метрийн өргөн, 14 километр үерийн даланг 2012 онд барьж байгуулсан байдаг. Гэвч үерийн далангуудыг иргэд, ААН-үүд түрж, эвдэж газар аваад суурьшсан. Үүний улмаас Найрамдал, Тахилт, Орбитын амнаас орж ирж байгаа их үерийн ус урагшаа урсах газаргүй болсон. 2023 онд Дарь эхэд болсон үертэй ижил нөхцөл байдал Сонгинохайрхан дүүрэгт дахин үүсэхээр байна. Энэ жил эдгээр үерийн далангийн төгсгөл хэсгийг засварлах юм.
Үерийн далантай хэсэгт суурьшиж буй иргэд бидэнтэй зөвшилцөж дэмжлэг үзүүлэхийг уриалж байна. Ингэснээр үерийн эрсдэлээс хамгаалж байгаа юм" гэж мэдээллээ.
Тухайн хэсэгт энэ жил 770 метр үерийн даланг засварлах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!