ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй холбоотой тансаг ангиллын усан онгоц Дани улсын харьяа хоолойгоор дамжин өнгөрчээ
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй холбоотой гэгддэг тансаг ангиллын усан онгоц “Graceful” өнгөрсөн Даваа гарагт Дани улсын харьяа тэнгисийн хоолойгоор дамжин өнгөрснийг тус улсын DR телевиз мэдээлжээ.
82 метр урт уг хөлөг Даваа гарагийн шөнө “Great Belt” хоолойгоор нэвтэрч, дараа нь Анхольт арлын дэргэдүүр өнгөрч, Ютландын хойгийн хойд үзүүр болох Грененийг чиглэн явсан гэнэ.
“Graceful” хөлгийг Оросын тэнгисийн флотын байлдааны хоёр хөлөг онгоц дагалдаж явсныг DR мэдээлжээ.
Уг цувааг Дани улсын тэнгисийн хүчний P521 Freja эргүүлийн хөлөг дагаж, өөрийн харьяаны усан бүсээс гарах хүртэл нь хянасан байна.
Дани улсын харьяа усанд нэвтрэхээс нь өмнө Ням гарагт энэ цувааг Германы эргийн харуулууд бас дагаж, мөрдсөн гэнэ.
“Graceful” хөлөг хаашаа зорчиж байсан нь тодорхойгүй байна.
Дани улсын зэвсэгт хүчний албан тушаалтан өөрийн харьяа усан бүсээр нэвтэрсэн гадаадын хөлөг онгоцнуудыг хянах нь байнга дагаж мөрддөг журам болохыг тайлбарлажээ.
DR сувгийн мэдээлснээр “Graceful” хөлгийн байрлал дамжуулагч AIS транспондер Украины дайн эхэлснээс хойш зургаан сарын дараа буюу 2022 оны наймдугаар сарын 30-ны өдөр унтарснаасаа хойш анх удаа идэвхжиж, Данийн радарын системд бүртгэгдсэн нь энэ юм байна.
Гэхдээ уг хөлөг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Санкт Петербург хотын ойролцоо Балтийн тэнгисийн усанд үе үе хүмүүст үзэгддэг байжээ.
Forbes сэтгүүл болон өөр хэд хэдэн эх сурвалж “Graceful” хөлгийг ОХУ-ын ерөнхийлөгч Путиний хувийн өмч гэж мэдээлж байсан ч Кремль үүнийг хэзээ ч баталж байгаагүй.
Хөлгийн үнийг Forbes сэтгүүл 100 сая орчим евро гэж тооцоолж байв.
“Graceful” хамгийн сүүлд 2022 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр буюу Украины дайн эхлэхээс 17 хоногийн өмнө Германы Хамбург боомтод засвар үйлчилгээнд орж байжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

