Орос улс гадаадаас бензин импортлох яриа хэлэлцээ явуулж байгааг Кремль баталлаа

Т.Давааням, ikon.mn
44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Оросын засгийн газар дотоодын зах зээлээ тогтворжуулах зорилгоор гадаад улсаас бензин импортлох асуудлаар яриа хэлэлцээ явуулж байгааг Кремль өчигдөр баталжээ.

Сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Яриа хэлэлцээ идэвхтэй явагдаж байгаа. Хэрвээ үнэ ханш дээр тохиролцож чадвал импортлох ажил урагшлах болно” гэж хэлсэн ч тодорхой улс орны нэр дурдахаас зайлсхийсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Ройтерс агентлаг Орос улс Казахстанаас 50,000 тонн АИ-92 ангиллын бензин импортлохоор ярилцаж байгааг салбарын эх сурвалжуудаас эш татан мэдээлж байв.

Тухайн үед Казахстаны эрчим хүчний сайд Москвагаас энэ асуудлаар албан ёсны хүсэлт ирээгүй байгааг баталсан юм.

Өнгөрсөн амралтын өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Путин хэлсэн үгэндээ Украины агаарын цохилтуудын улмаас улс оронд нь бензин шатахууны хомсдол үүссэнийг хүлээн зөвшөөрсөн.

Өнгөрсөн долоо хоногт бас Төрийн Дум гадаадаас бензин импортлоход шаардлагатай татварын хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан юм.

Үүний дараа засгийн газрын шадар сайд Александр Новак бензин импортлох нь дотоодын зах зээлийг тогтворжуулахад шаардлагатай “гол арга хэмжээ” болохыг мэдэгдэж байв.

Түүхий газрын тосны дэлхийн хоёр дахь том экспортлогч, боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүний гурав дахь том экспортлогч Орос улсын бензин шатахууны үйлдвэрлэл Украины агаарын цохилтын улмаас 25 хувиар буураад байгаа.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин долоо хоног тутмын шатахууны үнэ ханшийн мэдээлэл нийтлэхээ түр зогсоох даалгаврыг статистикийн байгууллагадаа өгсөн.

Гэсэн хэдий ч Росстат бензин шатахууны жижиглэн худалдааны үнийн мэдээллийг үргэлжлүүлэн нийтэлсээр байхаа өчигдөр мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters