Японы Засгийн газрын 980 сая иений буцалтгүй тусламжаар ХСҮТ-д компьютер томограф, рентген зэрэг орчин үеийн тоног төхөөрөмж нийлүүлнэ
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих “Хавдар судлалын үндэсний төвд оношилгооны тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн Буцалтгүй тусламжийн солилцох ноот бичиг болон Хэлэлцээний тэмдэглэлд өчигдөр /2026.06.30/ Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд З.Мэндсайхан, Япон Улсын Засгийн газрыг төлөөлж тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү нар гарын үсэг зурлаа.
Буцалтгүй тусламжийн гэрээг Сангийн сайд З.Мэндсайхан, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ийн Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ нар үзэглэв.
Энэ үеэр Сангийн сайд З.Мэндсайхан Монгол Улсад халдварт бус өвчин, тэр дундаа хорт хавдрын өвчлөл жилээс жилд өсөх хандлагатай байгааг тодотгож, уг асуудлыг шийдвэрлэхэд буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлэхээр болсон Япон Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ЖАЙКА)-д талархал илэрхийллээ.
Түүнчлэн Хавдар Судлалын Үндэсний Төв(ХСҮТ)-ийн оношилгоо, эмчилгээний чадавх нэмэгдэж, өвчнийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх боломжийг бүрдүүлж байгаад баяртай байна гэв. Үүнийг дагаад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж дээшлүүлэхэд томоохон хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Эх сурвалж: Сангийн Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!





