АНУ-ын прокурор долоон настай, 116 кг жинтэй хүүгийн үхэлд эцэг эхийг нь буруутгажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Мичиган мужийн Женеси дүүргийн шүүхийн байр

АНУ-ын Мичиган мужид нас барсан долоон настай хүүгийн үхэлд прокурорууд эцэг эхийг нь буруутгажээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Флинт хот дахь гэртээ Каспер О’Брайен нэртэй хүүгийн зүрх зогсоход эцэг эх нь түргэн тусламж дуудсанаар орон нутгийн хуулийн байгууллага хүн амины хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм байна.

Нас барах үедээ хүү 116 кг жинтэй байжээ.

“Эцэг эх нь хүүхдийг буруу хооллож байсныг тогтоосон. Тэр шаардлагатай шим тэжээлээ авч чадаагүй” гэж Даваа гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр прокурор Дэвид Лэйтон мэдэгджээ.

Хүүгийн эцэг эх болох 40 настай Дамиен О’Брайен, 41 настай Жессика О’Брайен нарыг санамсар болгоомжгүйгээр хүний амь нас хөнөөсөн, тамлан зовоосон, хүүхэд хүчирхийлсэн гурван зүйл ангиар ялласан байна.

Тэднийг өнгөрсөн долоо хоногт баривчлан саатуулсан бөгөөд Пүрэв гарагт шүүхийн эхний сонсголыг зохион байгуулахаар товложээ.

зураг
 

Женеси дүүргийн шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд нас барах үедээ 128 см өндөр байсан хүүг “хэт таргалалттай байсан” гэж дүгнэжээ.

Үхлийн шалтгааныг “зүрхний хана хэт тэлснээс болсон” гэж дүгнэсэн байна. Энэ тохиолдолд зүрх хэт томорч, цусыг шахаж дийлэхгүй болдог гэнэ.

Эцэг эх нь хүүг зөвхөн бэлэн хүнсээр хооллодог байсан бөгөөд нас барахынхаа өмнө хэвтэрт орж, сургуульд явахаа больсныг мөрдөн байцаалтын явцад тогтоосноо Лэйтон мэдээлжээ.

Тэдэнд тулгасан хүүхэд хүчирхийллийн гэмт хэрэгт таван настай охин нь бас давхар холбоотой юм байна. Хууль сахиулагчид охиныг асрамжийн газарт шилжүүлжээ.

“Энэ бол маш гунигтай, маш эмгэнэлтэй хэрэг. Би 22 жилийн турш прокуророор ажиллахдаа ийм хэрэгтэй тохиолдож байгаагүй” гэж Лэйтон харамсан ярьсан байна.

 

Эх сурвалж: Associated Press