Одоогоор NBA-гийн Зуны лигт Ш.Энхийн-Одоос гадна Азийн дөрвөн тоглогч багтжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-гийн Зуны лиг эхлэхэд 10 хүрэхгүй хоног үлдлээ. Залуу тоглогчдод өөрийгөө харуулах боломж гэгддэг Зуны лиг АНУ-ын Лас Вегас хотод 10 хоног үргэлжилнэ.

Энэ жилийн Зуны лигийн "Орландо Мэйжик" багийн бүрэлдэхүүнд Монголын Шаравжамцын Энхийн-Од багтсан билээ.

Одоогоор багууд бүрэлдэхүүнээ зарлаж дуусаагүй байна. "Орландо"-гийн бүрэлдэхүүнд албан ёсоор багтсан дөрвөн тоглогч бий.

Тэд бол 

  • Алекс Моралес (28 настай хамгаалагч, 2022 оны драфтад нэрээ дэвшүүлсэн ч сонгогдоогүй. Одоогоор багтай хоёр талт гэрээтэй юм)
  • Айзия Нелсон (22 настай довтлогч, 2026 оны драфтын 51 дэх сонголт)
  • Малик Рену (23 настай довтлогч, 2026 оны драфтад нэрээ өгсөн ч сонгогдоогүй)
  • Майк Шаравжамц (23 настай холбогч, 2026 оны драфтад нэрээ өгсөн ч сонгогдоогүй) нар юм.
Сонирхуулахад Ш.Энхийн-Одын коллежийн сүүлийн жилдээ суралцсан Өмнөд Каролинагийн багаас Коби Нокс "Атланта Хоукс" багийн бүрэлдэхүүнд багтсан бол Мечи Жонсон "Майами Хит" багийн бүрэлдэхүүнд оржээ. 

Зуны лигт одоогоор Ш.Энхийн-Одоос гадна дөрвөн ази тоглогч тоглоно. Тодруулбал "Портлэнд Трэйлблезрс" багт 2025 оны нэгдүгээр бүсийн 16-гаар сонгогдсон хятад тоглогч Ян Хансен болон түүний нутаг нэгт Гуо Хао Вен "Сакраменто Кингс"-т,"Чикаго Буллз" багт хоёр талын гэрээтэй Японы Юки Кавамүра, Өмнөд Солонгосын од И Хюн Жюн "Сан Антонио Спөрс" багийн Зуны лигийн багт тоглох юм.