Өмнөд Солонгосын багийн ахлагч хөгжөөн дэмжигчдээсээ уучлал гуйж, дахин сэргэхээ амлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатнаас хасагдсан Өмнөд Солонгосын үндэсний шигшээ багийн ахлагч Сон Хюн Мин өчигдөр хөгжөөн дэмжигчдээсээ уучлал гуйж, дахин сэргэхээ амлажээ.

Тэрбээр Мягмар гарагт Инстаграм хуудсандаа нийтэлсэн урт мэдэгдэлд “Би юунаас эхлэхээ мэдэхгүй байна. Энэ талаар чимээгүй өнгөрч чадахгүй, бодит байдлаас зайлсхийхийг ч хүсэхгүй байна” гэж бичсэн байв.

Өмнөд Солонгосын шигшээ баг “A” хэсэгт нэг хожил, хоёр хожигдолтой гуравдугаар байрт жагссан ч хасагдах шатанд шалгарсан шилдэг 32 багийн нэг болж чадаагүй.

Багийн ахлах дасгалжуулагч Хон Мюн Бо сүүлийн хожигдлын маргааш нь огцрох шийдвэрээ зарласан бол Өмнөд Солонгосын засгийн газар хөлбөмбөгийн холбоондоо аудитын шалгалт оруулахаар бэлдэж байгаа.

“Юуны өмнө би Өмнөд Солонгосын ард түмэн болон хөл бөмбөгт дуртай хөгжөөн дэмжигчдээсээ чин сэтгэлийн уучлалт гуймаар байна. Хөл бөмбөгт дуртай хүнийхээ хувьд би ийм тоглолт үзсэн бол бас бухимдах байсан” гэж Сон бичжээ.

Түүний дурдсан тоглолт нь хэсгийн сүүлчийн тоглолт болох Өмнөд Африкийн багийн эсрэг тоглолт байв.

Энэ тоглолтод Өмнөд Солонгосын баг өөрөөсөө чансаагаар дутуу Өмнөд Африкийн багт 1:0 харьцаагаар хожигдсон юм.

Ядаж тэнцсэн бол Өмнөд Солонгос хэсэгтээ хоёрдугаарт эрэмбэлэгдэж, хасагдах шатанд баттай шалгарахаар байв.

Гэвч тэд хоёрдугаар хагаст хаалгандаа бөмбөг алдсаны дараа сэргэж чадалгүй байсаар дуусгасан юм.

Сон энэ тоглолтын эхний хагаст сэлгээнд сууж, хоёрдугаар хагасын дундуур талбайд гарч байв. Гэхдээ тэр өөрийн оролцсон дөрөв дэх ДАШТ-ээ ганц ч гоолгүй өндөрлүүлжээ.

Сон хөгжөөн дэмжигчдийнхээ хайр, дэмжлэгийн хариуд сайн тоглолт үзүүлж чадаагүйгээ хүлээн зөвшөөрсөн байна.

“Би сэтгэл хөдлөлөө олон үгээр илэрхийлэхийн оронд Өмнөд Солонгосын ард түмэн, хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн зүрх сэтгэлийг эргүүлэн татахын тулд чадах бүхнээ хийх болно” гэж тэр амлажээ.

Сон нь өөр гурван хөл бөмбөгчний хамт Өмнөд Солонгосоос ДАШТ-д хамгийн олон удаа буюу дөрвөн удаа оролцсон амжилтыг хуваалцдаг.

Тэр бас улсынхаа шигшээ багт хамгийн олон удаа буюу 147 удаа тоглосон тамирчин бөгөөд оруулсан гоолын тоогоор ганцхан Ча Бум Күнээс хоёроор дутуу, 56 гоолтой хоёрдугаарт эрэмбэлэгддэг.

Ирэх долоо хоногт 34 нас хүрэх Сон дараагийн ДАШТ-д оролцох эсэх нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: Yonhap News