Э.Хааландын Норвеги, К.Мбаппегийн Франц шөвгийн 16-д шалгарлаа
Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий шигшээ 32-ын тоглолт үргэлжилж байна.
Техас мужийн Даллас хотод Норвеги, Кот'Д-Ивуар багийн тоглолт болсон юм. 1998 оноос хойш анх удаа ДАШТ-д оролцож буй норвегичууд нэгдүгээр хагасын 39 дэх минутад гоолын салхийг хагалсан. Германы Бундес лигийн "Лейпциг" клубийн 21 настай хагас хамгаалагч Антонио Нуса гоол оруулав.
Харин хоёрдугаар хагасын 74 дэх минутад "Манчестер Юнайтед" багийн Амад Диалло тооны харьцааг тэнцүүлсэн. Үүнээс 12 минутын дараа Эрлинг Хааланд гоол оруулснаар багаа хожилд хөтөллөө. Ийнхүү Э.Хааланд энэ ДАШТ-ий гурван тоглолтод оролцоод таван гоол оруулсан үзүүлэлтээр Л.Мессигийн ард жагсав.
Норвегичууд ийнхүү ДАШТ-ээс анх удаа хасагдах шатанд хожил авлаа. Тэд 1998 онд хэсгийн шатнаас шалгараад Италид 1:0-ээр дийлдсэн бол энэ жил шөвгийн 16-д Бразилтай хүч үзнэ. Тэдний тоглолт Улаанбаатарын цагаар долдугаар сарын 6-ны Даваа гарагт 04:00 цагаас болох юм.
Харин Нью-Йорк хотод Франц, Шведийн тоглолт боллоо. Энэ тоглолтод францчууд өрсөлдөгчөө 3:0-ээр буулган авахад лидер Клиан Мбаппе хоёр гоол оруулсан юм. Ингэснээр тэр энэ удаагийн ДАШТ-ий мэргэн буучдын жагсаалтад Э.Хааландыг гүйцэж, Л.Мессигийн хамт зургаан гоолтой тэргүүлж байна.
Мбаппе мөн нийт 18 гоолтойгоор зөвхөн Л.Мессигийн (19) ард бичигдэж буй. Тэрбээр 2018 онд баг нь дэлхийн аварга болоход дөрвөн гоол оруулсан бол 2022 онд дэд аварга болохдоо найман гоол нэр дээрээ бичүүлснээр "Алтан пүүз"-ний эзэн болж байв.
Түүнчлэн хасагдах шатанд хамгийн олон гоол оруулсан тоглогч болжээ. Тэр ДАШТ-д нийт 18 тоглолтод оролцохдоо хасагдах шатанд 10 гоолыг эсрэг багийн хаалганд оруулсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

