АНУ-д төрсөн хүүхдийн иргэний харьяаллын эрхийг цуцлах Трампын оролдлогыг дээд шүүх няцаав
АНУ-д төрсөн хүүхэд эцэг эхийнхээ харьяаллаас үл хамааран үндсэн хуулийн дагуу тус улсын иргэн болох эрхтэй байдаг. Ерөнхийлөгч Дональд Трамп 150 жилийн түүхтэй уг бодлогыг цуцлах санаа гаргасныг АНУ-ын дээд шүүх өчигдөр няцаажээ.
Шүүгчдийн 6:3 харьцаатай саналаар АНУ-д “хууль бусаар болон түр хугацаагаар оршин сууж буй эцэг эхээс төрсөн хүүхдийг үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт өөрчлөлтийн дагуу иргэнд тооцохоор” дээд шүүх тогтсон байна.
Хууль бус цагаачлалтай тэмцэх мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд Трамп энэхүү эрхийг гүйцэтгэх захирамжаар цуцлахыг оролдсон нь ийнхүү хориглогджээ.
Өчигдөр тэр сошиал хуудсандаа дээд шүүхийн шийдвэрийг “маш муу” шийдвэр гэж дүгнээд уг эрхийг цуцлахын төлөө цаашид тэмцсээр байхаа мэдэгдсэн байна.
“Үүнийг цуцлахын тулд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах урт удаан, төвөгтэй үйл явц шаардлагагүй. Конгресс өнөөдрөөс эхлэн манай улсад өндөр өртөг зардалтай, шударга бус тогтолцоог төгсгөл болгохын төлөө ажиллах ёстой” гэж Трамп мэдэгджээ.
АНУ нь 1868 оноос хойш тус улсад төрсөн хүн бүрд иргэний харьяалал олгож ирсэн бөгөөд энэ эрхийг үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт өөрчлөлтөөр баталгаажуулсан байдаг.
Трампын засаг захиргаа АНУ-д байнга оршин суух эрхгүй хүмүүсийн хүүхдэд энэ эрх олгогдох ёсгүй гэж үзэж байгаа.
Өчигдрийн санал хураалтаар Трампын саналыг дэмжсэн гурван шүүгч болох Кларенс Томас, Нэйл Горсуч, Самуэл Алито нар 14 дүгээр нэмэлт өөрчлөлтийн анхны зорилго нэгэнт АНУ-д амьдрах нь тодорхой болсон боолуудад зориулагдсан, харин өөр бусад улсаас ирсэн хүмүүст хамаагүй гэж маргасан байна.
АНУ-д төрсөн хүүхдийн иргэний эрхийн асуудал нь Трампын мөрийн хөтөлбөрийн маш чухал хэсэг бөгөөд тэр дөрөвдүгээр сард энэ асуудлаар зохион байгуулагдсан хэлэлцүүлгийг ажиглахаар шүүхийн танхимд биечлэн очсон нь түүхэн үйл явдалд тооцогдож байлаа.
Цагаан ордны тамгын газрын дарга Стивен Миллер өчигдрийн шийдвэрийг дээд шүүхийн түүхэнд гарсан “хамгийн хор хөнөөлтэй, жигшмээр шийдвэрүүдийн нэг” гэж мэдэгджээ.
“Америкийн иргэний харьяалал бол дэлхий нийтэд олгогдсон эрх биш. Үндсэн хуулийн ямар ч заалтыг манай үндэстнийг устгах зорилгоор тайлбарлаж болохгүй” гэж тэр хэлсэн байна.
Харин цагаачлалын бодлогыг дэмжигчид, Трампын засаг захиргааг шүүмжлэгчид дээд шүүхийн шийдвэрийг талархан хүлээж авсан юм.
Конгрессын Төлөөлөгчдийн Танхим дахь Ардчилсан Намын бүлгийн тэргүүн Хаким Жеффрис дээд шүүх “АНУ-д төрсөн хүн бүр Америкийн иргэн болдгийг эцэст нь баталгаажууллаа” гээд “Үүнд ямар ч эргэлзээ байгаагүй, байх ч ёсгүй” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

