Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3-ны 17:00 цаг хүртэл license.mn сайтаар авна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой худалдаа, үйлчилгээ зохион байгуулах цэгийн байршлын талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл өглөө.
Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн: Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ гаргана. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувьд нийт 204 цэг бий. Үүнээс хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг, жижиг дунд хүнсний үйлдвэрлэл худалдааны чиглэлээр 65 цэг, явуулын хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 21 цэгт худалдаа үйлчилгээ гарна.
Хүй долоон худагт энэ жил дэлхийн адууны өдөр болохтой холбоотой 278 цэгт хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ гарна. Үүнээс хоол үйлдвэрлэлээр 168 цэг, худалдааны 40 цэг, тоглоомын 70 цэг байгаа. Хүй долоон худгийн соёлын талбайд жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн 50 цэг, худалдаа үйлчилгээний 10 цэгийг төлөвлөсөн.
Өмнөх жилүүдэд төвийн зургаан дүүргээ Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэн гээд гурав, гураваар нь хуваагаад хүсэлт авдаг. Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн аж ахуйн нэгжүүд хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ явуулахаар хуваарилсан. Хүй долоон худагт Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар дүүрэг гэж хуваарилалтыг хийсэн.
Энэ жил хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх түр зөвшөөрлийг license.mn-ээр олгоно. Түр зөвшөөрлийн хүсэлтийг долоодугаар сарын 1-ний 17:00 цагаас долоодугаар сарын 3-ны 17:00 цаг хүртэл авна.
- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нь хуулийн этгээд байна. Мэргэжлийн тогооч болон ажиллагсад нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан цагаан дэвтэртэй байх шаардлагатай.
- Хүнсний худалдаа эрхлэгч нь иргэн болоод хуулийн этгээд байж болно. Эрхлэх бүтээгдэхүүний зураг төрлийг тодорхой тусгаж бүртгүүлсэн байх ёстой.
- Хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ эрхлэгчид license.mn-ээс Монгол наадам цогцолборыг сонгоод хөдөлгөөнт тоглоомынхоо танилцуулга, аюулгүй байдлын зааварчилгаа, дүгнэлтийг хавсаргаж, мэдээллээ явуулна.
- Үндэсний үйлдвэрлэл, гар урлал, бэлэг дурсгал, соёлын бараа чиглэлээр Нийслэлийн жижиг дунд, үйлдвэр, үйлчилгээний төв рүү license.mn-ээс сонголтоо хийгээд хүсэлтээ илгээнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

