Милано-Кортина 2026 өвлийн олимпын наадамд оролцож буй АНУ-ын цаначин Хантер Хессийг өчигдөр ерөнхийлөгч Дональд Трамп “жинхэнэ азгүй амьтан” хэмээн доромжилжээ.
Хэд хоногийн өмнө Хесс энэ удаагийн наадамд АНУ-ыг төлөөлөн оролцоход ямар сэтгэгдэл төрж байгаагаа ярьсан нь Трампыг ингэж бухимдахад хүргэсэн байна.
“Жинхэнэ азгүй амьтан Хантер Хесс энэ өвлийн олимпын наадамд эх орноо төлөөлөхгүй гэж хэлсэн” хэмээн Трамп өчигдөр сошиал хуудсандаа бухимдан бичжээ.
“Freestyle” төрлийн цанын тамирчин Хессээс сэтгүүлч Америкийг төлөөлөн олимпын наадамд оролцох ямар байгаа талаар сэтгэгдлийг нь Лхагва гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр асуусан юм.
АНУ-ын засаг захиргааны цагаачдын эсрэг явуулж буй харгис ажиллагаа, түрэмгий гадаад бодлого зэрэг нь дэлхий дахинд тус улсын нэр хүндийг нэлээд унагаад байгаа.
“Мэдээж хэрэг би лав болж буй үйл явдлын хамгийн том шүтэн бишрэгч биш, маш олон хүн тийм биш байгаа гэж би бодож байна. Би энэ улсын далбааг зүүснээрээ АНУ-д болж буй бүх зүйлийг төлөөлж байгаа гэсэн үг биш” гэж Хесс хэлжээ.
Тэрбээр цааш нь ярихдаа “АНУ-ыг төлөөлөх нь яг одоо надад зөрчилтэй, холимог сэтгэгдэл төрүүлж байна” гэж хэлсэн юм.
Трамп түүний хэлсэн үгийн талаар “Хэрвээ тийм бол тэр манай багт орох ёсгүй байсан юм. Түүнийг оролцож байгаад харамсаж байна. Ийм хүнийг дэмжихэд маш хэцүү” гэж шүүмжилжээ.
Олимпын наадам эхлэхээс ч өмнө улс төрийн зөрчил хурцдаад байсан юм.
Тухайлбал АНУ-ын багийн аюулгүй байдлыг цагаачлалын албаны агентууд хангахаар Италид ирсэн нь зохион байгуулагчдын заримын эсэргүүцэлтэй тулгарч байв.
Өнгөрсөн сард тус албаны агентууд Миннеаполис хотод хоёр энгийн иргэний амийг буудаж хөнөөсний улмаас АНУ даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байлаа.
Хесстэй хамт хэвлэлийн хуралд оролцсон бас нэг тамирчин Крис Лиллис цагаачлалын албаныхны харгис үйлдлийг буруушаасан мэдэгдэл хийсэн юм.
“Улс орныхоо хувьд бид хүн бүрийн эрхийг хүндэтгэж, иргэддээ болон бусад хүмүүст хайр, хүндэтгэлтэйгээр хандахад анхаарлаа хандуулах ёстой гэж би бодож байна. Олимпын наадамд оролцож байгаа бүх тамирчдыг хүмүүс бидний төлөөлөхийг хичээж буй Америк гэж хараасай” гэж Лиллис хэлсэн байна.
Милано-Кортинагийн өвлийн олимпын нээлтийн арга хэмжээнд оролцох үеэрээ АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс үзэгчдийн эсэргүүцэлтэй тулгарсан нь нэлээд дуулиан тариад байгаа.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!