Норвеги улсаас Йордан, Ирак улсуудад суух элчин сайд Мона Юүлийг албан тушаалаас нь огцруулж, шалгаж эхэлснээ тус улсын гадаад хэргийн яам Ням гарагт мэдээлжээ.
Бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейн агсны хэргийн материалуудыг АНУ-ын хууль зүйн яам саяхан олон нийтэд ил болгоход Норвегийн хэд хэдэн нэр хүндтэй хүн холбогдсоны нэг нь Мона Юүл юм.
Тэрбээр 1990-ээд оны үед Израил-Палестины хооронд зуучилж, Ослогийн гэрээ байгуулагдахад гол үүрэг гүйцэтгэсэн дипломатч хэмээн өргөмжлөгддөг.
“Энэ бол зөв бөгөөд зайлшгүй шийдвэр. Юүл бэлгийн хүчирхийлэгч Эпштейнтэй харилцаатай байсан нь шударга ёсыг уландаа гишгэсэн ноцтой алдаа юм” гэж Норвегийн гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде мэдэгджээ.
Юүл нь Эпштейн агсантай ойр ажилладаг байсан өөр нэг дипломатч Терье Руд Ларсены гэргий юм.
Энх Тайвны Олон Улсын Хүрээлэн (IPI) хэмээх төрийн бус байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ларсен байгууллагадаа Эпштейнээс санхүүгийн хандив авсан нь илэрсний дараа 2020 онд албан тушаалаасаа огцорч байв.
Сая нийтлэгдсэн хэргийн материалаас Юүл, Ларсен нарын хоёр хүүхдэд Эпштейн агсан $10 саяыг өвлүүлэх гэрээслэл үлдээсэн тухай баримт ил болсон юм.
Энэ нь Норвегийн засгийн газрыг яаралтай арга хэмжээ авч, тэдний гэр бүлийн Эпштейн агсантай үүсгэсэн харилцааны цар хүрээг шалгах шаардлагатай болгосон байна.
“Гадаад хэргийн яамны ажилтныхаа хувьд тэр Эпштейн агсантай ямар харилцаатай байсныг ойлгох нь маш чухал байна” гэж Эйде сайд хэлжээ.
Шинэ элчин сайд томилогдох хүртэл Йордан улс дахь Норвегийн элчин сайдын яамыг дэд сайд нь удирдахаар болсныг тэр бас мэдээлсэн байна.
Юүлийн өмгөөлөгч Томас Скелбрэд “одоогийн нөхцөл байдал нь түүнийг ажил үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэх боломжгүй болгож байгаа тул огцорсон” гэж мэдэгджээ.
Эпштейний материалуудад Норвегийн улс төр, хааны гэр бүлийн хүрээний хүмүүсийн нэр дурдагдсаны дотор Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы гүйцэтгэх захирал Борге Бренде, ерөнхий сайд асан Торбёрн Ягланд зэрэг хүмүүс байсан юм.
Норвегийн угсаа залгамжлах гүнж Метте-Марит бас Эпштейнэй харилцаатай байсан нь илэрсэн бөгөөд Баасан гарагт тэр үүндээ харамсаж байгааг мэдэгдсэн юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!