Баасан гарагт ОХУ-ын сангийн яам энэ оны эхний сарын төсвийн гүйцэтгэлийг олон нийтэд тайлагнажээ.
Үүнээс харвал нэгдүгээр сард төсвийн алдагдлын хэмжээ 1.718 их наяд рубльд ($22.3 тэрбум) хүрсэн нь бүтэн жилийн зорилтынхоо бараг талтай тэнцсэн байна.
Нэгдүгээр сарын төсвийн орлого 2.362 их наяд рубль ($30.7 тэрбум) байсан нь жилийн өмнөх мөн үеэс 11.6 хувиар буурсан үзүүлэлт болжээ.
Харин төсвийн зардлыг 1.4 хувиар хэмнэсэн ч 4.08 их наяд рубль ($53 тэрбум) болж, орлогоосоо үлэмж хэмжээгээр давсан байна.
Газрын тос, байгалийн хийн орлого жилийн өмнөхөөс 50 хувиар унаж, 393 тэрбум рубльд ($5.1 тэрбум) хүрсэн нь сүүлийн таван жилийнхээ хамгийн доод түвшин болжээ.
Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс Нэмүү Өртгийн Албан Татварын хэмжээг 22 хувь болгон өсгөсний үр дүнд энэ төрлийн татварын орлогын хэмжээ бараг 25 хувиар өсөж, 1.969 их наяд рубль ($25.6 тэрбум) болсон байна.
Гэхдээ л энэ өсөлт газрын тос, байгалийн хийн орлогын бууралтыг нөхөж чадсангүй.
ОХУ-ын сангийн яамны өгсөн мэдээлснээр Украины дайн эхэлсэн цагаас хойш тус улсын төсвийн алдагдлын хэмжээ нийтдээ 17.4 их наяд рубль ($226.2 тэрбум) хүрчээ.
Өнгөрсөн оны төсвийн алдагдал 5.7 их наяд рубль ($74.1 тэрбум) байсан бол сангийн яам 2026 онд үүнийг 3.8 их наяд рубль ($49.4 тэрбум) болгох зорилт тавьж байсан юм.
Гэтэл оны эхний нэг сард үүнийхээ бараг талыг алдаад байна.
Оросын албаны эх сурвалж газрын тосны үнийн уналт, Энэтхэг улсад экспортлоход гарсан хүндрэл зэргийн улмаас энэ оны төсвийн алдагдлын хэмжээ төлөвлөснөөс гурав дахин өндөр гарч болзошгүйг Ройтерс агентлагт мэдээлжээ.
Сангийн яам алдагдлыг бууруулах саналаа ойрын үед засгийн газарт танилцуулах төлөвтэй байгааг дээрх эх сурвалж бас мэдээлсэн байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!