Уншиж байна ...

ЭПШТЕЙНИЙ БАРИМТУУД: Монгол Улсын засгийн газарт Эпштейний ажиллуулахыг хүсэж байсан эмэгтэй хэн байв?

Т.Давааням, ikon.mn
1 цаг 31 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бид өмнөх судалгааны нийтлэлдээ бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейн агсан болон Монгол улсын ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын хэлхээ холбооны талаар АНУ-ын хууль зүйн яамны нийтэлсэн материалуудаас цуглуулсан баримтуудаа танилцуулсан билээ.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга сонгуульд ялахад нь тусалсны төлөө Эпштейнд өөрийн туслах Ч.Ганбатаар дамжуулан талархал илэрхийлж байсныг дээрх баримт харуулсан.

Талархлын хариуд Эпштейн усны нөөц, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Монголын засгийн газарт нэг эмэгтэйг ажиллуулах хүсэлтэй, түүний цалин хөлсийг өөрөөсөө төлөхөд бэлэн байгааг илэрхийлж байв.

Улмаар энэ эмэгтэй Улаанбаатар хотод ирж, Ч.Ганбаттай уулзсан нь баримтаас харагдаж байгаа.

Тэгвэл бид нэр нь нууцлагдсан энэ эмэгтэй хэн болохыг судалснаа танилцуулж байна.


Материалуудыг шүүж байхдаа бид Эпштейнийг “Sneaky” хэмээн дотночлон дууддаг нэг эмэгтэйн мөрөөр орсон юм.

Уг нэршлээр хайхад 4,000 гаруй үр дүн илэрч байлаа. Энэ эмэгтэй нь лав 2011 оноос хойш Эпштейнтэй байнгын харилцаатай байсныг тогтоосон.

Харилцсан имэйлүүдийн агуулгаас нь харвал тэр Эпштейний шадар туслахуудын нэг байсан бололтой.

 

Тэдний харилцаа 2010 оноос эхэлсэн байх магадлалтайг дараах баримт харуулж байна. Тухайлбал тэр 2012 онд бичсэн имэйлдээ сүүлийн хоёр жилийн турш өөрт нь тэвчээртэй хандаж, өсөж дэвжиж, том хүн болоход нь болон ээжийг нь авчрахад тусалсан Эпштейнд талархал илэрхийлжээ.

 

зураг
 

 

Мөн тэдний дотно харилцааг харуулсан дараах баримтад Зул сарын баяраар ямар бэлэг авахыг хүсэж байгааг нь Эпштейнээс асуусан байна.

 

зураг
 

 

Энэ эмэгтэй Эпштейний заавраар Ч.Ганбаттай харилцаж байжээ. Улмаар “Монгол улсад ажиллах болсон юм чинь монгол хэлээ сайжруулъя” гэсэн санааг Эпштейнд хэлж байсан байна.

 

зураг
 

 

Бас Ч.Ганбат түүнийг төрийн албанд шууд авахын оронд эхлээд өөрийн компанид ажилд авах санал тавьсныг Эпштейнд дуулгахдаа өөрөө засгийн газарт ажиллах илүү сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байв.

 

зураг
 

 

Эпштейн бас энэ эмэгтэйн эцэг эхийн ОХУ-аас ирж, буцах замын зардлыг төлж байсныг батлах хэд хэдэн удаагийн тийз захиалгын имэйл олдсон юм. Эндээс түүний овог Болотов, ОХУ-ын Буриад улсын иргэн болох нь харагдаж байна.

 

зураг
 
зураг
 

 

Харин 2014 онд энэ эмэгтэй Нью-Йорк хотын нэг үсчинд цаг авсан баримтаас түүний нэр Рената болох нь илэрсэн юм. Уг үйлчилгээний төлбөрийг Эпштейн шилжүүлсэн байв.

 

зураг
 

 

Бас 2018 онд IPI (International Peace Institute) олон улсын байгууллагын вебсайтад Рената Болотовагийн бичсэн Меконг мөрний усны нөөцийн удирдлагын талаар илтгэл нийтлэгдсэн байгаа юм.

 

зураг
 

 

Эндээс харвал уг эмэгтэй IPI байгууллагад ажиллаж байсан бололтой. IPI байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Норвегийн дипломатч Терье Руд Ларсон 2020 онд Эпштейнтэй холбоотой сангаас хандив авсан нь илэрсний дараа огцорч байжээ.

 

Эпштейн нь Ренатагийн сургуулийн төлбөр болон хэрэглээний мөнгө шилжүүлэх, гэрийн даалгаврыг нь шалгах зэргээр бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж байсныг батлах баримтууд олдож байна.

 

зураг
 
зураг
 
зураг
 

 

2026 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр АНУ-ын хууль зүйн яам зарим хохирогчдын хувийн мэдээлэл задрах эрсдэлтэй болсон шалтгаанаар өөрийн вэбсайтад нийтлэгдсэн Эпштейний материалуудаас тодорхой хэсгийг хасахад Ренатагийн 1,000 гаруй баримт хасагдсан юм.

2015 оны есдүгээр сард НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үеэр Нью-Йорк хотод Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид зориулсан оройн зоог зохион байгуулахад Эпштейн, Израил улсын ерөнхий сайд асан Эхуд Барак зэрэг хүмүүсээс гадна Рената оролцсон нь харагдаж байна.

Тэрбээр Монгол улсын ерөнхийлөгчтэй уулзсандаа баяртай байгааг Эпштейнд илэрхийлж байжээ.

 

зураг
 
зураг
 

 

2016 онд Рената нь тухайн үеийн Монгол улсын гадаад хэргийн сайд байсан Л.Пүрэвсүрэнгээс Бээжингийн Шварцманы тэтгэлэгт хамрагдахад нь туслахыг хүсэж, уулзах өдрөө товлож байжээ.

 

зураг
 

 

2017 онд Рената Монголд ажиллахаар CV-ээ Ч.Ганбат руу явуулж байжээ. Тэрбээр Монголд очсон тухай яригдаж байгаа ч хугацааны хувьд тодорхойгүй байна.

 

зураг
 

 

Дээрх баримтуудаас гадна өнгөрсөн долоо хоногт Оросын babr24.com хэмээх сайтад “Улаан Үдийн охин хэрхэн Эпштейн агсантай холбогдсон” талаар баримт цуглуулсан нийтлэл гарсан нь Рената Болотовагийн тухай байлаа.

Энэ нийтлэлд түүний гэрэл зургийг харуулсан байна.

зураг