Нийслэлийн есөн дүүргийн хороодын Засаг дарга нар өнгөрсөн долоо хоногт хотын даргатай уулзах үеэрээ гаднаа автомашины зогсоолгүй орон сууцны барилгыг улсын комисс хүлээгээд авчихдаг байдлыг болиулах, тохижилтын ажил хийчихээр дэд бүтцийн шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийхдээ ухчихдаг зэрэг тулгардаг тухай бэрхшээлүүдээ тоочив.
Зарим хорооны Засаг дарга нар санал хүсэлт хэлж, асуулт асуусан юм. Тухайлбал:
- Манай хороо 100% гэр хороололтой. Энэ жилээс орон сууцны барилгууд баригдаж эхэлж байгаа. Гэвч эдгээр шинэ барилгуудад авто зогсоол хүрэлцээгүйгээс гэр хорооллын гудамжинд түгжрээ үүсээд 4 жил орчим болж байна. Зун Багахангай дүүрэгт болсон уулзалтын үеэр хотын дарга энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж хэлж байсан. Шинээр баригдсан орон сууц хангалттай авто зогсоолыг шийдээгүй байхад Улсын комисс хүлээж аваад байдаг. Автомашины зогсоол, ногоон байгууламж, тоглоомын талбай, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэсний дараа орон сууцны барилгыг улсын комисс хүлээж авмаар байна. Хорооны Засаг дарга нар шаардлага тавьдаг ч эрхзүйн чадамж хүрдэггүй. Хотын дарга энэ асуудалд дэмжлэг үзүүлж өгөхийг хүсэж байна.
- Нийслэл болон дүүргийн хөрөнгөөр тухайн хорооны нутаг дэвсгэрт тохижилтын ажил хийдэг. Гэтэл ус, дулаан, цахилгааны шугамд засвар үйлчилгээ хийхдээ ухаад хаячихдаг. Үүнээс гадна шугамын засварын ажлыг хамгаалалтын хашаа, хаалтгүйгээр хийдэг, нөхөн сэргээлт хийдэггүй. Араас нь хөөцөлдөөд л байдаг, нөхөн сэргээлт хийдэггүй. Энэ асуудалд анхаарал хандуулж өгнө үү.
- Сэлбэ усан сангийн нөөцлүүрийн төслийн трасст ихэнх айлууд багтсан. Уг ажил дөрөвдүгээр сараас эхлэх тухай мэдээлэл гарч байсан. Трасст орсон айлуудын газрыг худалдаж авах, байраар солих ажил хэзээ явагдах вэ?
- Баянхошууны Баруунсалаа, Зүүнсалааны ам нь гүний усны нөөцтэй, намаг цэвдэгтэй газар. Энэ байршилд амьдарч байгаа айлууд өвөл, зунгүй усны асуудалтай тулгардаг. Энэ жил гэхэд манай хорооны 30 орчим айл халиа тошинд өртөж түрээсийн байр, ах дүүгийндээ амьдарч байна. Уг байршилд яаралтай газар чөлөөлөлт хийх асуудлыг хэзээ явагдах вэ?
- Хорооны Засаг дарга нар нийгмийн олон талт асуудлууд дээр ажилладаг. Тухайлбал золбин нохой, муур, сүм хийд, ААН-үүдийн хог цэвэрлэгээ, үйлчилгээ гээд олон зүйл рүү ордог. Харин бидний эрхзүйн орчин туйлын хангалтгүй гэж хувьдаа боддог. Ажил үүргээ гүйцэтгэхдээ ААН-үүдийг торгодоггүй, шаарддаггүй. Тэднээс гуйдаг, хүсэлт тавьдаг. Иймд Хорооны Засаг даргын эрхзүйн орчныг бодлогын түвшинд сайжруулж өгөхийг хүсэж байна.
Хотын дарга Х.Нямбаатарын хариу тайлбар:
- Метр, метр квадратаар нь хянадаг, гадна тохижилт сарниулж байгаа хүнийг торгох эрхтэй улсын байцаагчийг Байгаль орчны газраас томилдог.
- Бүтээн байгуулалт хийхдээ нөгөөгөө сүйтгэж буй асуудлаар Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар дулаан түгээх сүлжээ, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК болон захиалгаар бүтээн байгуулалт хийж байгаа компаниудад чиглэсэн урьдчилж төлөвлөлтөө нэгтгэх, нөхөн сэргээлт хийдэг байх захирамжийг гаргана.
- Сэлбэ усан сангийн нөөцлүүрийн төслийн трасст орсон Баянзүрх, Хайлааст, Таванбуудал орчмын айлуудын газрыг худалдаж авах, байраар солих зарчмаар ажиллана. Газар чөлөөлөлтийг нэг захаасаа хөөж явна. Айлуудтай тохиролцох хугацаа 2027 оны дунд үеэс хойш байх болов уу. Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажил 2027 онд дуусах төлөвлөгөөтэй байгаа юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!