Хууль бус арга замаар цэргийн дэглэм тогтоохыг оролдсоныхоо төлөө Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл албан тушаалаасаа огцорсон билээ. Түүнийг огцруулах эцсийн шийдвэрийг Үндсэн Хуулийн шүүх Баасан гарагт гаргасан юм.
Тус улсын хуулиар шинэ ерөнхийлөгчийг өмнөх ерөнхийлөгчийг огцруулах шийдвэр гарснаас хойш 60 хоногийн дотор ээлжит бус сонгуулиар тодруулах ёстой байдаг.
Тэгвэл Өмнөд Солонгосын засгийн газар ээлжит бус сонгуулийг зургаадугаар сарын 3-нд зохион байгуулах товыг өнөөдөр зарлажээ.
Маргааш буюу Мягмар гарагт засгийн газрын хуралдаанаар уг товыг албан ёсоор батлах юм байна.
Үүнээс өмнө 2017 оны гуравдугаар сарын 10-нд ерөнхийлөгч Пак Гюн Хэг огцруулахад ээлжит бус сонгуулийг тавдугаар сарын 9-нд зохион байгуулж байжээ.
Өмнөд Солонгосын сонгуулийн үндэсний хороо Баасан гарагийн шийдвэрийн дараа нэр дэвшигчдийг бүртгэх ажлыг эхлүүлсэн байна.
Маргааш сонгуулийн тов батлагдвал нэр дэвшигчдийг бүртгэх ажил тавдугаар сарын 11-нд дуусаж, сурталчилгааны кампанит ажил 12-нд эхэлнэ.
Хуулийн дагуу бас нэр дэвшигчид сонгуулиас 30 хоногийн өмнө төрд хашиж буй албан тушаалаасаа татгалзах ёстой бөгөөд энэ тохиолдолд тавдугаар сарын 4-н эцсийн хугацаа болох юм.
Шинэ ерөнхийлөгч нь сонгуулийн дараа ямар нэг шилжилтийн үе шатгүйгээр нэн даруй үүрэгт ажилдаа орох ёстой юм байна.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
|