“Хоггүй Тэрэлж” сайн үйлсийн аяныг энэ сарын 19-нд зохион байгуулна

ikon.mn
2025 оны 4 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Аялал жуулчлалын улирал эхэлж, хүн болгон агаар салхинд гарч эхэллээ. Улаанбаатар хотын иргэд төдийгүй гадаадын жуулчид заавал очдог газруудын нэг бол яах аргагүй Тэрэлжийн байгалийн цогцолбор газар болно.

Монголын аялал жуулчлалын нэрийн хуудас, нүүр царай болох газар ч гэж хэлж болох энэ газар цас ханзарч эхлэх үед хогт дарагдсан нүүрээ угаагаагүй хүүхэд шиг байж байдаг нь үнэн.

“Солонго-ХОНХ” ГҮТББ нь 2024 онд анх “Хоггүй Тэрэлж” аяныг санаачлан зохион байгуулж, тус аянд нийт 326 хүн бүртгүүлэн 400 гаруй хүн оролцсоноор 2024 оны 4 сарын 20-ны өдөр Горхи Тэрэлжийн дархан цаазат газрыг хогоос нь цэвэрлэх сайн үйлсийн аяныг амжилттай хийсэн байна.

Тухайн өдөр аялал жуулчлалын салбарт ажилладаг олон байгууллага хөтөч орчуулагч нар нэгдэн нийтдээ 40 тонн хогийг түүж цэвэрлэн, тээвэрлэн Налайх дүүргийн нэгдсэн хогийн цэгт төвлөрүүлжээ.

зураг
 

“Солонгос хэлний Хөтөч Орчуулагчдын Нэгдсэн Холбоо” буюу товчилсон  нэршлээр Солонго-ХОНХ холбоо нь Солонгос хэлний хөтөч, орчуулагчдын төлөөлөл нь болж хөтөч орчуулагчдынхаа эрх ашгийг төлөөлөн хамгаалах, мэдээллээр хангах, сурталчлан таниулах, холбоо тогтоох, нэгдсэн дуу хоолойгоо төрийн захиргааны болон нийтийн эрх зүйн этгээд, ажил олгогч нарт хүргэн ажиллах зорилготойгоор 2023-оны 4-р сарын 14-ний өдөр үүсгэн байгуулагдсан юм.

Энэ жил 2025 оны 4 сарын 19-ний өдөр мөн “Солонго-ХОНХ” ТББ-ын санаачилгаар энэхүү аяныг уламжлал болгон хоёр дахь удаагаа зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд байгаль эх дэлхийдээ хайртай хэн бүхнийг нэгдэж хамтран ажиллахыг уриалж байна.

Тухайн аянд нэг өдрийн хөдөлмөрөө зориулан хамтран ажиллах хэн бүхнийг ажлын багаж хэрэгсэл, өдрийн хоолоор хангах бөгөөд хаалтын үйл ажиллагаанд аялал жуулчлалын салбарт ажилладаг олон хөтөч тайлбарлагч, орчуулагч нар болон бизнесийн байгууллагууд хамт оролцсоноор олон нээлттэй боломж гарах өдөр болно.