Гаалийн байгууллагаас сүүлийн гурван жилд оюуны өмчийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүнтэй холбоотой 10 гаруй зөрчлийг илрүүлжээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Дэлхийн оюуны өмчийн өдөр”-т зориулан Оюуны өмчийн газраас гаалийн улсын байцаагч нарт барааны тэмдгийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, таньж илрүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг олгох тухай уулзалт, сургалтыг өнөөдөр Улаанбаатар хотын гаалийн газарт зохион байгууллаа. 

Энэхүү өдөрлөгт “Жүр үр” ХХК, “Монгол Базальт” ХК, “Янмал” ХХК, “Боса холдинг” ХХК зэрэг 10 гаруй ААН-ийн төлөөлөл оролцсон бөгөөд тухайн ААН-үүд өмнө нь ямар нэгэн байдлаар патентаа алдах, барааны тэмдгийн зөрчилтэй хуурамч, дуураймал бүтээгдэхүүний асуудалд өртөж байсан тухайгаа ярив. 

Өнөөдрийн сургалтаар “Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн мэдээллийн санг хэрхэн ашиглах” тухай буюу тухайн мэдээллийн сангаас эрхийн хамгаалалт хийгдсэн бараа бүтээгдэхүүнийг хэрхэн хайж олох, хугацаа нь дууссан барааг яаж мэдэгдэх вэ зэрэг практик мэдлэгийг гаалийн улсын байцаагч нарт олгосноороо илүү онцлог сургалт болсон тухай Оюуны өмчийн газрын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр хэллээ.

Гаалийн байгууллага Гаалийн тухай хууль болон Оюуны өмчийн тухай хуулийн дагуу иргэн ААН-үүд эзэмшиж байгаа барааны тэмдгийг хамгаалуулахаар хүсэлт тавьсан мөн хяналтын бүсэд байгаа бараа нь оюуны өмчийн эрхийн зөрчилтэй гэх гомдол гаргасны дагуу хяналт, шалгалт тавьж ажилладаг байна. 

Сүүлийн гурван жилд Улаанбаатар хот дахь гаалийн газар энэ төрлийн 10 гаруй зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу Оюуны өмчийн газарт шилжүүлж ажиллажээ. 

1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг