Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-ны өнгөрсөн улирлын шилдгүүд тодорч байна. Өчигдөр шилдэг зургаа дахь тоглогчоор "Бостон Селтикс"-ийн хамгаалагч Пэйтон Причард нэрлэгдсэн бол өнөөдөр шилдэг клач тоглогчийг зарлалаа.
NBA-гийн зүгээс 2023 оноос цоо шинэ шагналыг анх зарлаж байв. Энэ нь тоглолтын үндсэн цаг болон нэмэлт цагийн сүүлийн таван минутад хоёр багийн онооны зөрүү таваас ихгүй байгаа үед авч буй оноог клач буюу шийдвэрлэх үед авсан оноогоор тэргүүлсэн тоглогчдод Жэрри Уэйстийн нэрэмжит цом олгож байхаар шийдвэрлэсэн юм.
Анхны шагналыг ДиАарон Фокс авч байсан бол өнгөрсөн жил Стеф Көррид өгсөн билээ.
Тэгвэл энэ жил "Нью-Йорк Никс"-ийн хамгаалагч Жален Брансон онцгойров.
NBA-гийн 30 багийн ахлах дасгалжуулагчдын саналаар нэр дэвшигчдийг тодруулж, хэвлэл мэдээллийн 100 байгууллага оролцсон санал асуулгаар 28 настай америк тоглогч 426 (70 нь эхний саналаа өгсөн) оноо цуглуулсан байна. Түүний ард "Денвер Наггетс"-ын Николай Йокич 312, "Миннесота Тимбэрволвес"-ын Энтони Эдвардс 47 санал авчээ.
Ж.Брансон шийдвэрлэх үед 5.6 оноо дундажладаг байна. Тэрбээр 52 шидэлтээ амжилттай болгосноор лигийн бусад тамирчдаа тэргүүлсэн бол 156 оноо оноо авсан үзүүлэлтээр хоёрдугаарт, 28 оновчтой дамжуулалтаар гуравдугаарт жагсжээ.
"Никс"-ийн лидер 65 тоглолтод оролцохдоо 26.0 оноо, 7.3 оновчтой дамжуулалт дундажласан үзүүлэлтээр өнгөрсөн улирлыг өндөрлүүлсэн юм.
Эх сурвалж: NBA
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|