Ормузын хоолойг хамгаалах Трампын уриалгад ганц ч улс дэмжсэн хариу өгөөгүй байна
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн чухал зам болох Ормузын хоолойг Ираны аюул заналаас хамгаалахын тулд байлдааны хөлгөө илгээхийг Хятад, Франц, Япон, Өмнөд Солонгос, Их Британи болон бусад улсуудад уриалж байв.
Ням гарагийн байдлаар ганц ч улс уг уриалгад нааштай хариу өгөөгүй байна.
Харин Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи өчигдөр CBS сувагт ярилцлага өгөхдөө хэд хэдэн улс өөрийн ачаа тээврийн хөлгийг хоолойгоор аюулгүй нэвтрүүлэхийн тулд Тегеранд хандсан тухай мэдээлжээ.
Тэрбээр уг асуудлыг “манай зэвсэгт хүчний мэдэх хэрэг” гэж тайлбарлаад тус улс өөр өөр улсын хэсэг хөлөгт хоолойгоор нэвтрэх зөвшөөрөл өгснийг баталсан байна.
Дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн тавны нэг дайран өнгөрдөг Ормузын хоолой АНУ болон түүний холбоотнуудаас бусад бүх улсад нээлттэйг Арагчи энэ үеэр мэдэгджээ.
Өчигдөр NBC сувгаар ярихдаа АНУ-ын эрчим хүчний сайд Крис Райт дээр дурдсан зарим улсуудтай яриа хэлэлцээ эхлүүлсэн бөгөөд хоолойг нээлттэй байлгахад Хятад улс “бүтээлч түнш” болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Гэвч Трампын нэр дурдсан улсууд уг асуудалд нэлээд болгоомжтой хандаж байгаа.
Их Британийн ерөнхий сайд Кир Стармер өчигдөр уг асуудлаар Дональд Трамптай утсаар ярьснаа мэдээлсэн ч тодорхой шийдвэр зарлаагүй байна. Тэр бас Канадын ерөнхий сайдтай тусдаа ярилцжээ.
АНУ-д суугаа Хятад улсын элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэню “бүх талууд тогтвортой, саадгүй эрчим хүчний тээвэрлэлтийг хангах үүрэгтэй” бөгөөд тус улс хурцадмал байдлыг намжаахын тулд “холбогдох талуудтай харилцаа холбоогоо бэхжүүлнэ” гэсэн хариу өгсөн байна.
Өмнөд Солонгосын гадаад хэргийн яам Трампын уриалгыг “анхааралдаа авсан” бөгөөд нөхцөл байдлыг АНУ-ын талтай нягт нямбай хэлэлцэж байгааг мэдээлжээ.
Энэ долоо хоногийн Пүрэв гарагт Цагаан ордонд айлчлах Японы ерөнхий сайд Санае Такаичигаас ерөнхийлөгч Трамп хариугаа нэхэх нь тодорхой байна.
Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон уг асуудлыг Европын болон Энэтхэг, Азийн түншүүдтэйгээ хэлэлцэж байгааг мэдэгдсэн ч үүнийг зөвхөн нөхцөл байдал сайжирсан үед буюу дайны гал намжсан үед хийх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Трампын уриалгад нэр нь дурдагдаагүй Германы гадаад хэргийн сайд Йоханн Вадефул өчигдөр ARD телевизийн сувгаар ярихдаа “Бид удахгүй энэ мөргөлдөөний нэг хэсэг болох хэрэг үү? Үгүй” гэж хэлсэн байна.
Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг онцгой байдлын үед ашиглах газрын тосны нөөц удахгүй дэлхийн зах зээлд нийлүүлэгдэж эхлэхийг Ням гарагт мэдээлээд үүнийг бензин түлшний үнэ ханшийг бууруулах “хамгийн том” арга хэмжээ гэж тодорхойлжээ.
Нөөцөөс нийлүүлэх газрын тосны хэмжээг тус агентлаг өнгөрсөн долоо хоногт 400 сая баррель гэж зарлаж байсан бол өчигдөр 412 сая болгон ахиулсан байна. Азийн гишүүн орнууд хамгийн түрүүнд нөөцөөсөө зах зээлд нийлүүлэх бөгөөд Европ, Америкийн гишүүн орнууд гуравдугаар сарын сүүлээс нийлүүлэх гэнэ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
