Японы хөлбөмбөгийн од Ираныг дэмжсэнийхээ төлөө АНУ-ын компанитай байгуулах сурталчилгааны гэрээгээ алджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
36 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Японы хөлбөмбөгийн од Кэйсүке Хонда ирэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ираны үндэсний шигшээ багийг оролцуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсний дараа АНУ-ын компани түүнтэй байгуулсан сурталчилгааны гэрээгээ цуцалжээ.

Ямар компани гэрээгээ цуцалсныг тэр дурдаагүй ч энэ зун АНУ, Мексик, Канадад болох тэмцээнд Иран улсыг оролцуулахын төлөө байгааг сошиал хуудсаараа илэрхийлснийх нь дараа ийм зүйл болсныг тайлбарласан байна.

“Энэ бол маш эмзэг асуудал гэдгийг би мэдэж байгаа ч хувьдаа тэднийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (ДАШТ) оролцоосой гэж хүсэж байна” гэж 39 настай Хонда өнгөрсөн Пүрэв гарагт мэдэгдэж байв.

Өмнөх өдөр нь Иран улсын спортын сайд АНУ-д болох ДАШТ-д тус улсын шигшээ баг оролцох боломжгүйг мэдэгдсэн юм.

2008-2018 онуудад Японы шигшээ багт тоглохдоо олон улсын тэмцээнүүдэд 38 гоол оруулж байсан Хонда дараагийн нийтлэлдээ ДАШТ-ий өмнө эцэслэн шийдэгдэх байсан зар сурталчилгааны гэрээ байгуулах ажил нь түр зогссоныг мэдээлжээ.

“Өмнөх мэдэгдэл маань ДАШТ-тэй давхцуулан батлагдах байсан сурталчилгааны гэрээг цуцлагдахад хүргэсэн бололтой” гэж тэр бичсэн байна.

Тэрбээр цааш нь “Бид юмсын мөн чанарыг үл тоомсорлож, ялзарсан сэтгэлгээнд үндэслэн шийдвэр гаргадаг компаниудтай ямар ч холбоотой байхыг хүсэхгүй” гэж бичжээ.

Хоёрдугаар сарын 28-ны өдөр АНУ, Израил улсууд байлдааны ажиллагаа эхлүүлснээс хойш дэлхийн шилдэг 48 багийн ДАШТ-д Иран улс оролцох эсэх эргэлзээтэй болоод байна.

Хөлбөмбөгийн 23 дахь удаагийн ДАШТ зургаадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19-ний хооронд зохион байгуулагдах бөгөөд Ираны шигшээ баг хэсгийн тоглолтуудаа АНУ-ын баруун эрэгт хийх хуваарьтай байгаа.

Кэйсүке Хонда нь 2010, 2014, 2018 онуудын ДАШТ-д улсаа төлөөлөн оролцсон бөгөөд уг арга хэмжээнд Японоос хамгийн олон удаа оролцсон 10 тамирчны нэг, хамгийн олон гоол оруулсан таван тамирчны нэг юм.

Тэрбээр Японы баг түрүүлсэн 2011 оны Азийн Цомын тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогч болж байв.

Сүүлд Хонда дэлхийн таван тивийн 11 клубт тоглосныхоо дараа 2024 онд зодог тайлж, дасгалжуулагч болжээ.

Хондаг байр сууриа илэрхийлсэн өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх тэмцээнд Иран улсын баг оролцох нь зохимжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

“Ираны үндэсний шигшээ баг ДАШТ-д тавтай морилно уу. Гэхдээ амь нас, аюулгүй байдлаа бодолцвол тэд оролцох нь зохимжгүй гэж би бодож байна” гэж Трамп сошиал хуудсандаа бичжээ.

Ираны шигшээ багийн Инстаграм хуудас үүнд тэр дор нь хариулж, аливаа баг ДАШТ-д оролцох эсэхийг аль нэг улс дангаараа шийддэггүй, ФИФА шийдэхийг анхааруулсан байна.

Мөн Ираны шигшээ багийн аюулгүй байдлыг хангаж чадахгүйгээ ил тод зарласанд нь гайхаж байгаагаа илэрхийлжээ.

Трамп сүүлд дахин сошиал хуудсандаа бичихдээ энэ удаагийн ДАШТ нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бүх оролцогч, хөгжөөн дэмжигчдэд аюулгүй байхыг амласан байна.

 

Эх сурвалж: AFP