Ираны дайн гурав дахь долоо хоногтоо орж, Тегерантай яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн биш байгаагаа Трамп мэдэгдэв
Ираны эсрэг АНУ, Израилийн эхлүүлсэн байлдааны ажиллагаа гурав дахь долоо хоногтоо орсон ч ойрын үед дуусах шинж харагдахгүй байна.
Амралтын өдрүүдэд Ираны арми Персийн булангийн орнууд руу пуужин, нисгэгчгүй онгоцоор дайрч, АНУ, Израилийн онгоцнууд Ираны нутагт агаарын цохилтын шинэ давлагаа явуулж байлаа.
Талуудын хүн хүчний хохирлын хэмжээ нэмэгдэж, Ормузын хоолой хаагдсанаас газрын тосны экспорт тасалдаж, дэлхий даяар түлш шатахууны үнэ өсөж байна.
Бямба гарагт NBC News сувгаар ярихдаа ерөнхийлөгч Трамп “Ираны газрын тосны экспортын гол байгууламжууд байрладаг Харк арлыг дахин нэг удаа зүгээр л зугаацахын тулд бөмбөгдөж магадгүй” гэж хэлжээ.
Тус арал дээрх цэргийн байгууламжуудыг АНУ-ын байлдааны нисэх онгоцнууд Баасан гарагт анх удаа бөмбөгдсөн юм.
“Иран яриа хэлэлцээ хийхийг хүссэн ч тавьж буй нөхцөл нь хангалттай сайн биш байгаа тул би үүнийг хүсэхгүй байна” гэж Трамп энэ үеэр хэлжээ.
Тэрбээр газрын тосны тээвэрлэлтийн замыг цэвэрлэхийн тулд Персийн булангийн хойд хэсэг дэх Ираны эргийг чиглэсэн цохилтоо нэмэгдүүлэх бодолтой байгааг энэ үеэр илэрхийлсэн байна.
Харин Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи өчигдөр буюу Ням гарагт Трампын ярьсныг няцаасан юм.
“Бид хэзээ ч гал зогсоохыг хүсээгүй. Тэр ч байтугай хэлэлцээр хийх санал ч гаргаагүй. Бид шаардлагатай хугацаагаар өөрийгөө хамгаалахад бэлэн байна” гэж тэр мэдэгджээ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Иран улс пуужин, нисгэгчгүй онгоц, эсвэл жижиг завиар газрын тос тээвэрлэгч хөлгүүдэд довтлох, ядаж дарамтлах чадвараа хадгалсан хэвээр байгаа цагт АНУ зөвхөн цэрэг зэвсгийн аргаар Ормузын хоолойг нээхэд бэрхшээлтэй гэнэ.
Дэлхийн газрын тос тээвэрлэлтийн тавны нэг дайран өнгөрдөг Ормузын хоолойд Иран улс аюул занал учруулсны улмаас одоо Улаан тэнгист 600 гаруй хөлөг гацаад байгаа.
Өнгөрсөн долоо хоногт Ираны шинэ дээд удирдагч Можтаба Хамени бичгээр гаргасан анхны мэдэгдэлдээ Ормузын хоолойг хаасан хэвээр байхаа амласан.
Трамп ярилцлагадаа Хаменийг ийм мэдэгдэл гаргасан гэдэгт итгэхгүй байгаа бөгөөд “Тэр амьд байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Одоогоор хэн ч түүнийг хараагүй байна” гэж хэлжээ.
56 настай Можтаба Хамени агаарын цохилтын үеэр шархдаж, зэрэмдэг болсон байж болзошгүйг Пентагоны тэргүүн Пит Хэгсэт өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.
Ираны Хувьсгалт Гвардын удирдлага Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг гэмт хэрэгтэн хэмээн нэрлэж, түүний амийг хөнөөхөө амлаад байна.
Үүний дараа Израилийн армийн удирдлага Ираны баруун хэсэгт байрлах зорилтот газруудад агаараас довтлохоор төлөвлөснөө зарласан юм.
“Иран улсад одоо ч гэсэн мянга мянган бай байсаар байгаа бөгөөд бид өдөр бүр тэдгээрийг шинээр тодорхойлж байна” гэж Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч, Бригадын генерал Эффи Дефрин мэдэгджээ.
Олон улсын Улаан Загалмайн нийгэмлэг АНУ, Израилийн байлдааны ажиллагаа эхэлснээс хойш Иран даяар 1,300 гаруй хүн алагдсан гэж мэдээлж байна. Эдгээрийн 223 нь эмэгтэй хүн, 202 нь хүүхэд байгааг Ираны эрүүл мэндийн яам баталжээ.
Иран даяар 3.2 сая хүн орон гэрээсээ дүрвэсний ихэнх нь дайны аюулаас зайлсхийхийн тулд нийслэл Тегеран болон бусад хотуудаас гарч явсан хүмүүс байгааг НҮБ-ын дүрвэгсдийн байгууллага мэдээлсэн байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
