Өмнөд Солонгосын гол сөрөг хүчин Ардчилсан Намын дарга И Жэ Мюн өнгөрсөн долоо хоногт тус улсын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд нэр дэвшиж байгаагаа зарласан юм.
Өнөөдөр өглөө тэрбээр хэрвээ сонгогдвол хиймэл оюуны технологийн салбарт 100 их наяд воны ($70 тэрбум) хөрөнгө оруулах, улмаар Өмнөд Солонгосыг дэлхийн хэмжээнд энэ салбарын тэргүүлэгч гурван улсын нэг болгохоо амлажээ.
И Жэ Мюн өнөөдөр FuriosaAI хиймэл оюуны хагас дамжуулагч чип зохион бүтээдэг стартап компанид зочлохоосоо өмнө ийм мэдэгдлийг Фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн юм.
“Бид хиймэл оюуны 100 их наяд воны төслийг эхлүүлэх болно. Засгийн газар хувийн хөрөнгө оруулалтын хөдөлгөгч хүч болж, хиймэл оюуны төсвийг өндөр хөгжилтэй орнуудын түвшнээс давуулах болно” гэж тэр бичжээ.
Мөн тэрбээр хөрөнгө оруулалтыг эхлэхээсээ өмнө компаниудад тулгардаг хүнд суртал, шаардлагагүй журам зохицуулалтуудыг цуцлахаа амласан байна.
“Хэрвээ энэхүү Солонгосын ChatGPT-ийг бүх хүн амдаа хүргэж чадвал бид богино хугацаанд асар их хэмжээний өгөгдөл бүрдүүлж чадна. Бид хиймэл оюуны дэд салбаруудын нэгдмэл байдлыг хангах болно” гэж И Жэ Мюн мэдэгджээ.
Хиймэл оюуны технологийн дэвшил нь бүтээмжийг өсгөж, ажлын цагийг багасгаж, “ажил-амьдралын тэнцвэртэй” эрин үеийг эхлүүлэх ирээдүйтэйг нэр дэвшигч тайлбарласан байна.
Өмнөх ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг цэргийн дэглэм тогтоохыг завдсан хэрэгтэй холбогдуулан огцруулсны дараа Өмнөд Солонгосын засгийн газар зургаадугаар сарын 3-ны өдөр ээлжит бус сонгуулийн санал хураалт зохион байгуулах товыг зарлаад байгаа.
Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар И Жэ Мюн 49 хувийн саналаар бусад нэр дэвшигчдийг тэргүүлж байгаа нь харагдсан байна.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
|