Уншиж байна ...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ж.Баярмаа гишүүний асуултад хэрүүлээр хариу барив

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 4 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдыг мэдээллийг сонсов.

Энэ үеэр асуулт асуусан Ж.Баярмаа гишүүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Баярцогт дарга” хэмээн тохуурхав. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Нүүрсний экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 83 сая ам.доллар буюу 42 хувиар буурсан. Нүүрсээ 105-129 ам.доллароор зарж байж ашгаасаа Үндэсний баялгийн санд хуримтлуулна гэж байсан. Гэтэл үнэ нь 50-иад ам.доллароор буурчхаад байна. Үүнийгээ алтаар нөхнө гэж яриад байгаа. Гэтэл алт чинь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 сая ам.доллароор буурсан байна. Ингээд бүх зүйл хасах үзүүлэлттэй болоод байна. Ирээдүй, баялаг гэдэг сайхан зүйл яриад байдаг. Гэтэл өнөөдрийн бодит амьдрал ямар байгаа билээ. Та үүнд санаа зовж байна уу. Баялаг, сан гэхээсээ илүү ард түмний амьдралыг яая гэж бодож байна вэ.

Та төрд зургаан жил өндөр дээд албан тушаал хашлаа. Ерөнхий сайдаар ажиллаад тав дахь жилдээ орж байна. Та хэтэрхий вакумжаад, амьдарлаас тасарчихсан юм биш үү. Иргэдийн амьдрал ямар байгаа та мэдэж байна уу?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: За Баярцогт даргын асуултад хариулъя. Улс төржиж байгаа учраас би бас улс төржиж хариулъя.

Яг бодитоор Хөгжлийн Банк ямар байдалтай болчихсон байлаа. Эрдэнэтийн 49 хувь болон стратегийн ордууд ямар үед, хэний гараар ороод юу боллоо. Үүнийг цэгцлэхийн тулд нэлээд хугацаа орсон. Би үүнийг ярихгүй л байгаа.

Одоо стратегийн ордуудын материал орж ирэхээр өөрсдийнхөө хийсэн зүйлийг харна биз.

Би өөртэй чинь бол юм ярихгүй. Цаанаас чинь үг хэлүүлээд байгаа хэдэн нөхөд бий. Би байр сууриасаа хазайхгүй. Сүүлийн 20 гаруй жил бантан зуураад, хэдэн ордыг аваад будаа болгочихсон зүйл удахгүй орж ирнэ. Ийм зүйл дээр залуу хүн байж хүний өөдөөс битгий хачин хачин юм яриад бай за юу.