Монголын Сагсан Бөмбөгийн Дээд лигийн шигшээ цувралын гурав дахь тоглолт өнөөдөр боллоо.
Цувралын эхний тоглолтод "Бишрэлт Метал" баг 85:82-оор өрсөлдөгчөө хожсон ч сүүлийн хоёр тоглолтод дараалан "Хасын Хүлэгүүд" илүүрхэж, цувралыг тэргүүлж эхэлсэн юм. Гурав дахь тоглолтод тус багийн ахлагч Б.Билгүүн, энэ улирлын үнэ цэнтэй тоглогч А.Азбаяр нар гэмтлийн улмаас тоглосонгүй.
Лидерүүдийнхээ эзгүйд Иан Миллер 27 минутад 27 оноо авч бусдыгаа тэргүүлсэн бол Ч.Ихбаяр 15, Жордан Толберт 13 оноо, 10 самбараас бөмбөг авснаар баг нь 84:70-аар өрсөлдөгчөө хожив.
"Бишрэлт"-ээс Байрон Уэсли 40 минут тоглохдоо 31 оноо, 11 самбараас бөмбөг авч, А.Энхбаясгалан 12 оноо авсан юм.
Тоглолтын эхний хагас 37:35-аар өндөрлөсөн. Хоёрдугаар хагас дөнгөж эхлээд "Метал" санаачилгыг авч, дараалан таван онооны ачаар тэргүүллийг авсан ч И.Миллер, Ч.Ихбаяр нар дараалан гурваас оруулж, үеийн төгсгөлд Д.Мөнхтүвшин дараалан гурван оноо авснаар тооны харьцааг 61:52 болгон холдуулсан юм.
Төгсгөлийн дөрөвдүгээр үед аваргууд тэргүүллээ хадгалсаар багийн лидерүүдийнхээ эзгүйд тун чухал хожил авлаа.
"Бишрэлт Метал"-ын А.Энхбаясгалан тоглолтын дундуур шагайдаа бэртэл авч, тоглолтыг орхисон нь онооны зөрүүг холдоход нөлөөлсөн юм.
Сонирхуулахад хоёр баг Азийн сагсан бөмбөгийн Аваргуудын лигийн хуваарь давхцаж байгаа тул шигшээ цувралын дөрөв дэх тоглолт тавдугаар сарын 17-ны Бямба гарагт болох аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
|