Уншиж байна ...

Наполеоны сэлмийг зарах дуудлага худалдаа Парис хотод зохион байгуулагдана

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Наполеон Бонапартын өөртөө захиалж бүтээлгэсэн сэлмийг ирэх сард үнэ хаялцуулан зарах болсныг Парисын нэг дуудлага худалдааны төв өчигдөр зарлажээ.

Уг сэлмийг Наполеон 1802 онд захиалж бүтээлгэснээсээ хойш хаан ширээнээс буух хүртлээ хэрэглэж байсан юм.

Тавдугаар сарын 22-нд Парист болох арга хэмжээний үеэр сэлэмний үнэ 700,000-аас нэг сая еврогийн хооронд хүрэх тооцоог гаргаснаа “Giquello” дуудлага худалдааны төв мэдээлжээ.

Наполеон сүүлд энэ сэлмийг өөрийн хаант улсын сүүлчийн маршал, үнэнч холбоотон Эммануэл дэ Грушид бэлэглэсэн юм байна.

1815 оны Уатерлогийн тулаанд Наполеон ялагдсанаас хойш энэ сэлэм Грушигийн гэр бүлд үе дамжин хадгалагдаж иржээ.

зураг
 

Наполеоны бас захиалж хийлгэсэн энэ сэлэмний хуулбар хувь одоо ОХУ-ын Санкт Петербургийн Эрмитажид хадгалагддаг.

Цуглуулагчдын дунд Наполеонтой холбоотой эд зүйлсийн эрэлт өндөр байдаг.

Өнгөрсөн оны долдугаар сард түүний хос гар буу 1.7 сая еврогоор зарагдсан бол түүний таних тэмдэг болсон алдарт “бикорн” загварын малгай 2023 оны арваннэгдүгээр сард 1.9 сая еврогийн үнэ хүрч байжээ.

1809 онд Ромын пап VII Пиусыг хулгайлахад оролцсоноо үгүйсгэсэн утгатай Наполеоны гараар бичсэн захиа өнөөдөр Парист дуудлага худалдаанд орж байгаа бөгөөд 12,500-аас 15,000 еврогийн үнэ хүрэх тооцоотой байна.

 

Эх сурвалж: AFP