Дэлхийн тэргүүн баячуудын нэг Билл Гэйтсийн бага охин Фиби Гэйтс энэ долоо хоногт өөрийн бизнесийг эхлүүлжээ.
Сонирхолтой нь түүний бизнест тэрбумтан эцэг нь хөрөнгө оруулаагүй юм байна.
Пүрэв гарагт Нью Йорк Таймс сонинд нийтлэгдсэн ярилцлагадаа Билл Гэйтс “Надаас мөнгө гуйх байх гэж би анх бодож байсан. Хэрвээ ингэсэн бол миний хувьд хэцүү байх байлаа. Би түүнд өгсөн мөнгө бүрээ хатуу тооцож, бизнесийн явцыг нь хянах байлаа. Мэдээж би арай зөөлөн хандаж болох ч энэ нь зөв эсэхэд эргэлзэх байлаа. Азаар ийм зүйл болсонгүй” гэж ярьжээ.
Пүрэв гарагт нээгдсэн Phia интернэт платформ нь 40,000 орчим сайтаас бэлэн хувцасны үнэ ханшийн мэдээллийг цуглуулан боловсруулаад үйлчлүүлэгчид хамгийн сайн хувилбарыг санал болгодог.
Уг үйлчилгээг Фиби Гэйтс дотуур байрны нэг өрөөний анд Софиа Кианнитай хамтран бий болгожээ.
Энэ оны эхээр хэвлэлд ярихдаа Фиби аав нь их сургуулиа орхиж, бизнес эхлүүлэхийг нь хатуу хориглож байсныг дурсаж байв.
Билл Гэйтс өөрөө их сургуулиа дундаас нь орхиж, Майкрософтыг байгуулж байсан юм.
“Майкрософтыг хэрхэн эхлүүлсэн тухай аавынхаа ярихыг би хэзээ ч сонсож байгаагүй. Тэр зөвхөн одоо удирддаг сангийнхаа тухай л ярьж байсныг би санаж байна” гэж Фиби ярьжээ.
Эндээс харвал эцэг Гэйтсийн хувьд сургуулиа орхисон нь тийм ч таатай дурсамж байдаггүй бололтой.
Фиби Гэйтс 2024 онд Стэнфордын их сургуулийг хүний биологич мэргэжлээр төгссөн юм.
“Чи сургуулиа заавал төгсөх хэрэгтэй, сургуулиа хаяад компани байгуулах тухай бодоод ч хэрэггүй гэж тэр надад хэлдэг байсан. Өөрөө яг ийм замаар явсан мөртлөө ингэж ярих нь надад хөгжилтэй санагддаг байлаа” гэж Фиби ярьжээ.
Тэрбээр цааш нь “Хэрвээ миний бизнес амжилттай болбол хүмүүс гэр бүлтэй минь холбож бодох байх. Гэхдээ энэ үнэн. Хэрвээ би ийм аавтай байгаагүй бол Стэнфордод сурахгүй, ийм сайн хүмүүжилтэй болохгүй, ингэж хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй байхгүй байсан байх. Гэхдээ энэ нь надад асар их дарамт болдог” гэж хэлсэн байна.
Түүний бизнес гарааны хөрөнгө болох хагас сая долларын санхүүжилтийг зарим хөрөнгө оруулагчдаас татаж чаджээ.
“Бид нэг өрөөнд амьдарч байхдаа боломжийн үнэтэй, таалагдах хувцас олох гэж бөөн ажил болдог байсан. Бидэн шиг олон мянган залуу эмэгтэйчүүд байгаа гэж бодож байна” гэж Фиби шинэ бизнесийнхээ талаар ярьсан юм.
Билл Гэйтс өмнө нь нийт хөрөнгийнхөө ердөө нэг хувийг хүүхдүүддээ өвлүүлэх бодолтой явдгаа ярьж байсан. Гэхдээ энэ нь хүүхэд бүрд олон сая доллар оногдох хэмжээний хөрөнгө юм.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
56 СЭТГЭГДЭЛТЭЙ
|