В.Оюумаа: Нийслэлийн 42 хуулийн этгээдийн ТУЗ, УЗ-ийн гишүүний цалинг 792,000 төгрөгөөр тогтоосон байдаг
НИТХ-ын хуралдаан өнөөдөр үргэлжилж байна. Энэ үеэр НИТХ-ын төөлөөлөгч, нийслэлийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүдийн цалин хөлсний асуудал хөндөгдөв.
Энэ тухай Нийслэлийн Өмчийн Харилцааны Газрын дарга В.Оюумаа "Нийслэлийн хэмжээнд 60 хуулийн этгээд бий. Үүнээс 17 хуулийн этгээд нь төсөвт үйлдвэрийн газар, 16 компани, 25 аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулж байна.
Өнөөдрийн байдлаар 2024 оноос хойш НИТХ-ын 9 удаагийн хурлын тогтоолоор нийслэлийн иргэдийн төлөөлөгчид өмчийн эзэн гэдэг агуулгаар төлөөлөл хэрэгжүүлж байна. Нийт 42 хуулийн этгээдийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн(ТУЗ), Удирдах Зөвлөлийн(УЗ) үйл ажиллагаа явуулж байгаа. ТУЗ-ийн гишүүний цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 792,000 төгрөгөөр тогтоосон байдаг. НИТХ-ын 2013 оны, 2023 онд Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газраас(ТӨБЗГ) уг хэмжээг тогтоож өгч, баталсан.
Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын тогтоолд ТУЗ, УЗ-ийн гишүүний цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлснээс ихгүй байхаар заасан байгаа. НИТХ-ын төлөөлөгчдийн авч байгаа урамшуулал нь хууль, дүрэм зөрчөөгүй байна. Урамшууллын хэмжээнээс нийгмийн даатгалын шимтгэл болон албан татвар хасагдаж олгодог" хэмээн тайлбарлалаа.
Нийслэлийн төсвийн сонсголын үеэр НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 43 нь нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж байна хэмээн шинжээч мэдээлсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
