ШИНЖЭЭЧ: НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 43 нь нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
50 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. 

Уг сонсголоор Х.Нямбаатарыг нийслэлийн засаг даргаар томилогдсоноос хойших хугацааны төсвийн зарцуулалтын мэдээллийг сонсож байгаа юм. Энэ үеэр "Нийслэлийн өмчит, өмчийн оролцоотой болон хамаарал бүхий хуулийн этгээдүүд, тэдгээрийн хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээнүүдийн хэрэгжилтэд хийсэн дүгнэлт" сэдвээр шинжээч илтгэл танилцуулав.

Шинжээч Ч.Мөнхбаатар: Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын хуулийн 15.1.Нийслэл нь орон нутгийн өмчийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдтэй байж болно гэж заасан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 43 байгаа. Үүнээс ХХК, ХК нь 30, ОНӨААТҮГ 26 байна.

зураг
 

НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж, нийт 104 суудал эзэлж байна. Нийт суудлын 65 нь ердөө 19 төлөөлөгчид төвлөрсөн байна. 

Мөн 10 төлөөлөгч байгууллагын гүйцэтгэх удирдлагын албан тушаал эрхлэхийн зэрэгцээ бусад байгууллагын ТУЗ-ийн түвшний шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцож байгаа нь засаглалын төвлөрөл, хяналтын хараат бус байдал, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байна. 

Тухайлбал хуулиар зөвшөөрөгдсөний дагуу ХХК, ХК, ОНӨААТҮГ нь зах зээлийн хуулийн дагуу үйл ажиллагааг тэлэх зохицуулалттай боловч үйл ажиллагаа нь ихсэх тусам хувийн хэвшлийн орон зайг хумих, зах зээлийн өрсөлдөөний орчинд сөргөөр нөлөөлөх талтай" гэв.

Шинжээчийн дүгнэлтээс харвал Г.Батзориг, Т.Даваадалай нар нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой таван хуулийн этгээдийн ТУЗ-д ажиллаж байгаа бол А.Амартүвшин, С.Даваасүрэн, Т.Батцогт, З.Төмөртөмөө нар дөрвөн ТУЗ-д дарга, гишүүнээр давхар ажиллаж байгаа юм.
Харин Д.Ихбаяр, Л.Ариунтуяа, Ж.Батбаясгалан, Ц.Баттөр, Ч.Батзориг, Б.Мөнхбат, Б.Мягмар, Т.Отгонболд, Б.Сэмжидмаа, Б.Хуягбаатар, Э.Энхтөр, Л.Хосбаяр, Ч.Мэндбаяр нар нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой гурван хуулийн этгээдийн ТУЗ-д дарга, гишүүнээр ажиллаж байгаа аж.
зураг
 
зураг
 
зураг