Б.Ану-Үжин нийслэлийн харьяа компанийн ТУЗ-д ажиллаж буй төлөөлөгч нарын цалингийн асуудлаар сонсгол явуулах санал гаргав
УИХ-ын Төсвийн байнгын хороо энэ долоо хоногийн Даваа, Мягмар гарагт "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан.
Энэ үеэр НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж, нийт 104 суудал эзэлж байна. Нийт суудлын 65 нь ердөө 19 төлөөлөгчид төвлөрсөн байна гэх шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан юм.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын ээлжит бус 13 дугаар хуралдааны үеэр Б.Ану-Үжин төлөөлөгч сонсголын үеэр буруу мэдээлэл цацагдсан учраас НИТХ дээр дахин сонсгол зохион байгуулах талаар санал гаргав.
НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин "Өчигдөр, Уржигдар нийслэлийн хоёр жилийн төсвийн сонсгол боллоо. Энэ үеэр улс төрийн зорилгоор түгээж буй үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл иргэдэд хүрлээ. Энэ сонсголоос гарсан алдаа дутагдлаас бид суралцах хэрэгтэй.
Өнөөдөр НИТХ нийтийн сонсголын тухай хуулиар нийслэлийн төсөв, дэргэдэх байгууллагатай холбоотой сонсгол зохион байгуулж байгаагүй юм байна. Мэдээллийн дутмаг байдал гэх үү, мэдээллийн урсгал хангалтгүй байгаагаас шалтгаалж тэнд буруу зөрүү мэдээлэл хүрээд байгаа.
Тиймээс би төлөөлөгчийнхөө бланк дээр нийслэлийн харьяа байгууллагуудын удирдах зөвлөл болон ТУЗ-д ажиллаж буй төлөөлөгч нарын цалин, урамшуулал хангамжийн талаар сонсгол явуулах санал гаргаж байна. Бодит мэдээлэл хүргэе. Нийслэлийн хэмжээнд буй давхардсан чиг үүрэгтэй байгууллагуудыг энэ үеэр ярилцъя" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
