Лео Месси ДАШТ-д хамгийн олон гоол оруулсан тоглогч боллоо
Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хэсгийн шатны тоглолтууд үргэлжилж байна.
"J" хэсэгт учраа таарсан Аргентин, Австрийн багийн тоглолтод Лео Месси гоол оруулснаар ДАШТ-ий түүхэнд хамгийн олон буюу 17 гоолын эзэн болсноор бүх цаг үеийн манлайд зогсохоор боллоо.
Түүнчлэн Месси ДАШТ-ий сүүлийн зургаан тоглолтод дараалан гоол оруулжээ. Ийм амжилтыг өмнө нь 1958 онд Францын Жюст Фонтэйн, 1970 онд Бразилын Жаирзиньо нар үзүүлж байв.
Аргентинчууд нэгдүгээр үеийн ес дэх минутад торгуулийн цохилтоор гоолын салхийг хагалах боломж гарсан ч багийн ахлагч Месси алдаж орхисон юм.
Хэдийгээр боломжоо алдсан ч нэгдүгээр үеийн 38 дахь минутад Факундо Мединагийн дамжуулалтаар Месси өмнөх алдаагаа залрууллаа.
Гэхдээ Мессигийн амжилт үүгээр ч зогссонгүй. Шүүгчийн мэдлийн 90+5 дахь минутад тэр дахин эсрэг багийн хаалгыг мялааснаар нийт гоолын тоо нь 18 болов.
Тэрбээр энэ жилийн ДАШТ-ий эхний хоёр тоглолтод нийт таван гоол оруулсан үзүүлэлтээр мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна.
Харин Аргентины шигшээ баг зургаан оноотойгоор шигшээ 32-т шалгарч буй дөрөв дэх баг боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
