АНУ-ын зэвсгийн нөөц дундарсныг Трамп үгүйсгэж, ийм мэдээлэл тараасан "урвагчдыг" мөрдөж байгаагаа мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
56 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын зэр зэвсгийн нөөц Ираны дайны улмаас дундарсан гэх мэдээллийг няцааж, ийм мэдээлэл тараасан хүмүүст “урт хугацааны хорих ял” ногдуулахаа амласан байна.

“АНУ-д маш их зэвсгийн нөөц бий. Ялангуяа тодорхой төрлийн зэвсгүүдийн хувьд. Үүнээс гадна шаардлагатай бол их хэмжээгээр үйлдвэрлэж, нийлүүлэх боломжтой” гэж тэр өчигдөр өглөө сошиал хуудсандаа бичжээ.

Ираны дайн зургаа дахь сардаа үргэлжилж, ойрын үед гал зогсоох тохиролцоонд хүрэх шинж тэмдэг харагдахгүй байгаа.

АНУ-ын зэвсгийн нөөц багассан тухай мэдээ цацагдсаны хариуд Ираны тал гаднын ямар ч аюулыг няцаах хэмжээний зэвсгийг дотооддоо үйлдвэрлэх чадвартайг мэдэгджээ.

“Өдөр бүр дайсны чадавх буурч байгаа шинж тэмдгүүд улам бүр тодорхой харагдаж байна. Харин манай зэвсэгт хүчин үндэснийхээ батлан хамгаалах аж үйлдвэрийн дэмжлэгтэйгээр аливаа аюул заналд хариу үйлдэл үзүүлэхүйц түвшинд бүрэн тоноглогдсон” гэж Ираны батлан хамгаалахын сайд Мажид Ибн-э-Реза сошиал хуудсандаа бичсэн юм.

Тэрбээр цааш нь “импортын зэвсгээр аюулгүй байдал, давуу талыг худалдаж авахыг эрмэлзэж байгаа хүмүүс Ираны дотооддоо хөгжүүлсэн технологи нь бүс нутгийн аль ч системээс илүү болохыг удахгүй ойлгох болно” гэж мэдэгджээ.

Сүүлийн үед зарим хэвлэлүүд АНУ-ын алсын тусгалын пуужингийн нөөц бараг дууссан тухай мэдээллийг Пентагоны албаны эх сурвалжаас авснаа дамжуулах болсон.

Тэгвэл Трамп өчигдөр “Эдгээр мэдээлэл задруулсан урвагчдыг эрэн сурвалжилж байгаа. Тэдэнд урт хугацааны хорих ял ногдуулах болно” гэж мэдэгджээ.

Сүүлд тэр Вашингтон Пост сониныг нэр цохон дурдаад “Тэдний хуурамч мэдээллийг урвалт гэдэгт би үнэхээр итгэлтэй байна. Пит Хэгсэтийн (Пентагоны тэргүүн) хийж буй ажилд би маш их сэтгэл хангалуун байгаа” гэж бичсэн байна.

CSIS (Center for the Strategical and International Studies) үндэсний аюулгүй байдлын хүрээлэнгийн мэдээлснээр долдугаар сарын сүүлээр АНУ-д 759-827 ширхэг Patriot пуужин үлдсэн нь дайн эхлэхээс өмнө 2,330 ширхэг байсантай харьцуулбал  гуравны нэг орчимтой нь тэнцэж байна.

Үүнээс гадна дайсны баллистик пуужинг амдан устгах зориулалттай THAAD (Terminal High Altitude Area Degense) системийн пуужингийн нөөцийн 60 орчим хувь нь ашиглагдсан гэх мэдээлэл бий.

Хэдий тийм боловч Трамп, Хэгсэт нар АНУ-д зэвсгийн нөөц хангалттай байгааг дахин дахин мэдэгдсээр байна.

Гэхдээ Трампын засаг захиргаа зэвсэг нэмж үйлдвэрлүүлэхээр шаргуу ажиллаж байгаа нь бас харагдаж байгаа.

Өнгөрсөн сард Трамп яаралтай $87 тэрбумын санхүүжилт баталж өгөхийг АНУ-ын Сенатаас хүсэж байсан. Үүнийхээ зориулалтыг цэргийн алба хаагчдын цалин хөлс, бас “тоног төхөөрөмж, зэр зэвсгийн нөөцийг хурдан хугацаанд нөхөн сэргээх” гэж тайлбарлаж байв.

 

Эх сурвалж: BBC