Өмнөд Солонгосын сансрын агентлаг SpaceX компанийн пуужингийн хэсгийн саран дээр үлдээсэн ул мөрийг үзүүлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт SpaceX компанийн сансрын уудамд хаягдсан пуужингийн хэсэг саран дээр унасан билээ.

Улаанбаатарын цагаар тухайн өдрийн 14:35 цагт болсон энэ уналт төлөвлөгдөөгүй үйл явдал байсан юм.

Тэгвэл Өмнөд Солонгосын сансрын агентлаг KASA өчигдөр өөрийн сарны тойрог замд ажилладаг Данури станцын авсан гэрэл зургаар SpaceX-ийн пуужинг унахаас өмнө ба хойно сарны гадаргууд ямар ул мөр үлдсэнийг харьцуулан үзүүлжээ.

SpaceX компани дахин ашиглагддаг Falcon 9 пуужинг зарим хэсэг нь дэлхийд буцаж ирэх, зарим хэсэг нь сансрын уудамд хаягдахаар зохион бүтээсэн байдаг.

Тэгвэл уг пуужингийн хоосон дээд биеийг судлаачид сарны гадаргуу дээр 8,700 км/цаг хурдаар унах тооцоог урьдчилан гаргаж байв.

Уг хэсэг нь дэлхий дээр 4,000 кг орчим жин татдаг, таван давхар байшингийн хэмжээтэй юм.

зураг
 

Пуужингийн хэсэг саран дээр унах үзэгдлийг сонирхогчид, тэр ч байтугай зарим мэргэжлийн телескопоор ч ажиглахад хэцүү байлаа.

KASA-ийн тараасан зураг пуужин унахдаа сарны гадаргуу дээр тогоо үүсгэснийг харуулж байна.

Уг пуужин өнгөрсөн оны нэгдүгээр сард сарны хоёр газардагч станцыг тээвэрлэн Флоридагийн эргээс хөөрч байсан юм. Сая унасан пуужингийн дээд хэсэг нь хоёр станцыг дэлхийн тойрог замаас гаргаж, сарны зүгт чиглүүлэх үүрэгтэй байжээ.

Үүргээ гүйцэтгэсэн уг хэсэг удаан хугацааны турш сарны тойрог замд байсны эцэст ийнхүү татагдан унаж байна.

Хэдийгээр энэ нь дэлхийд аюул учруулах үйл явдал биш боловч сансрын уудам дахь хог хаягдал улам бүр нэмэгдэж байгаагийн нэг илрэл юм.

“Жил бүр маш олон техник хөөргөж байгаагаас сансрын уудам улам бүр хөл хөдөлгөөн ихтэй болж байна. Хэдхэн арван жилийн дараа хог хаягдалдаа дарагдаж, дэлхийн тойрог замыг нэвтлэх боломжгүй болж магадгүй юм” гэж Кэмбрижийн Их сургуулийн астрономич Мэтт Ботвэлл хэлжээ.

 

Эх сурвалж: BBC