Воронеж дахь Оросын электроникийн үйлдвэр Украины агаарын цохилтод өртлөө
Воронеж хот дахь Оросын армийг микро электроник эд ангиудаар хангадаг үйлдвэрт пуужингаар довтолсноо Украины зэвсэгт хүчин Даваа гарагт мэдээлжээ.
Үйлдвэрт ноцтой хохирол учирч, гурван хүн шархадсан тухай Воронеж мужийн захирагч Александр Гусев бас мэдээлсэн байна.
Сошиал орчинд Воронежийн Хагас Дамжуулагчийн Үйлдвэрээс гал гарч, утаа олгойдож байгааг харуулсан зураг, бичлэгүүд таржээ.
Орон нутгийн хэвлэлүүд хохирогчдын ар гэрийнхэнд мэдээлэл өгөх тусгай утас ажиллаж эхэлсэн, цус сэлбэх төвүүд яаралтай цусаа хандивлахыг иргэдэд уриалсан тухай мэдээлснээс үзвэл хохирлын хэмжээ Гусевийн хэлснээс өндөр байх магадлалтай байна.
Тус үйлдвэр нь Оросын хамгийн том хагас дамжуулагчийн үйлдвэрүүдийн нэг бөгөөд зэвсэгт хүчинд төрөл бүрийн пуужингийн гол эд ангиудыг нийлүүлдэг юм байна.
Украины армийн мэдэгдэлд уг цохилтыг өндөр нарийвчлалтай далавчит пуужин ашиглан гүйцэтгэсэн тухай дурджээ.
“Энэхүү үйлдвэр нь Украины нутаг дэвсгэр, ард түмний эсрэг Оросын армийн хэрэглэдэг өндөр нарийвчлалтай зэвсгүүдэд шууд ашиглах бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг юм” гэж мэдэгдэлд тайлбарласан байна.
Үүнээс гадна Украины тал Даваа гарагийн шөнө Москва мужид оршдог Дубна Сансрын Харилцаа Холбооны Төвд агаарын цохилт өгснөө мэдээлжээ.
Тус төв агаарын цохилтод өртсөнөө хүлээсэн ч үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг баталсан байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
