АНУ, Ираны талууд эхний ээлжийн уулзалтынхаа үр дүнг зарлав
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Швейцарын Люцерн хотод болсон эхний ээлжийн уулзалтын үр дүнгүүдийг АНУ, Ираны төлөөлөгчид өчигдөр тус тусдаа зарлажээ.
Ираны тал эдийн засгийн хоригоо цуцлуулж, битүүмжлэгдсэн хөрөнгөө чөлөөлүүлэхээр АНУ-ын талтай тохиролцсоноо зарласан ч гол сорилт Ливан дахь мөргөлдөөнийг намжаах асуудал хэвээр байгааг мэдэгдсэн байна.
“Пакистан, Катарын цуцашгүй зуучлал нь Ливаны дайныг зогсооход томоохон ахиц дэвшил авчирлаа. Газрын тос, нефть химийн бүтээгдэхүүний экспортын хоригийг цуцалж, зарим битүүмжлэгдсэн хөрөнгийг чөлөөлж, Ираны сэргээн босголт, хөгжлийн томоохон төлөвлөгөөг эхлүүллээ. Эхний бодит сорилт: Ливаны мөргөлдөөнийг намжаах асуудал” гэж Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи өчигдөр буюу Даваа гарагт сошиал хуудсаараа мэдэгджээ.
Үүнтэй зэрэгцэн АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Ираны битүүмжлэгдсэн хөрөнгийг шар буурцаг, улаан буудай зэрэг Америкийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад зөвхөн зарцуулах ёстой бөгөөд терроризмыг санхүүжүүлэхэд ашиглахыг хориглож буйг мэдэгдсэн байна.
Үүнээс гадна тэр Ираны тал Олон Улсын Атомын Агентлагийн мэргэжилтнүүдийг цөмийн хөтөлбөрөө хянуулахын тулд дахин хүлээж авахаар болсныг зарлажээ.
Ираны Mehr агентлагийн мэдээлснээр Ливанд гал зогсоохын тулд Ираныг оролцуулсан шинэ “зөрчилдөөнийг хянах нэгж” байгуулагдахаар болсон гэнэ.
Зуучлагч талууд болох Катар, Пакистан улсуудын хамтарсан мэдэгдэлд Люцерн хотод болсон эхний ээлжийн уулзалт “эерэг, бүтээлч” уур амьсгалд өрнөж, “цаашдын техникийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох урам зориг, ахиц дэвшил өгсөн” гэж сайшаажээ.
Мэдэгдэлд бас АНУ, Ираны талууд 60 хоногийн дотор энхийн гэрээг эцэслэн байгуулахаар тохиролцсоныг дурдсан байна.
Мөн Ормузын хоолойн үйл ажиллагаанд “осол, үл ойлголцлоос зайлсхийх” хүчин чармайлт гаргахаар тохиролцсон гэнэ.
Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тохиролцоонд хүрч чадахгүй бол Ираны эсрэг цохилтоо сэргээхээр сүрдүүлж, хариуд нь Тегераны төлөөлөгчид уулзалтын байрыг орхин явж байв.
Гэсэн хэдий ч талууд дахин яриа хэлэлцээний ширээнд сууснаар мөргөлдөөнөө зогсоох нэгдмэл хүсэл сонирхолтой байгаагаа харуулсан юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
