Б.Пүрэвдагва: Амралтын өдрүүдэд болон наадмаар хот тохижилт, авто замын салбарынхан ажиллана

Д.Янжиндулам, ikon.mn
30 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

5.8 их наяд төгрөгийн эх үүсвэртэй нийслэлийн 2026 оны төсөвт хоёр дахь удаагаа тодотгол оруулж гэрээ байгуулагдаагүй, төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан хөрөнгийн төсөл арга хэмжээний зардал болох 400 гаруй тэрбум төгрөгийг урсгал зардалд зарцуулахаар болов.

Уг мөнгийг юунд зарцуулах талаар хотын дарга Б.Пүрэвдагва "2026 оны төсвийн тодотголын мөнгийг таван чиглэлээр зарцуулна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн түлшийг бэлтгэх.

Шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор нийтийн тээврийн автобус, хот тохижилтын тээврийн хэрэгслийн зардалд.

Тендер зарлагдаад 5 дугаар сарын 31-нд сонгогдож чадаагүй төслүүдийн төсвийг цуцалсан. Энэ мөнгийг эрэмбэ дараагаар хийх шаардлагатай ажлуудад хуваариллаа.

2027 онд баригдах ёстой байсан 5 сургууль, нэг цэцэрлэгийг энэ онд ашиглалтад оруулах зорилго тавилаа.

Мөн ирэх онд хийгдэх авто замуудын ажлыг энэ оны намар дуусгахаар боллоо.

9 дүгээр сарын 1-нээс өмнө хийх ажлууд их байгаа тул амралтын өдрүүдэд, улсын баяр наадмын үеэр хот тохижилт болон авто зам, барилгын салбарынхан ажиллах шаардлага үүсэж байгаа.

Туул-1 коллекторын бохир усны шугамыг угсарч буй. Борооноор шугамууд дүүрч, бохир ил гарах эрсдэл үүсэж байгаа учраас Туул-1 коллекторын бохир усны шугамыг угсрах ажилд тодорхой хэмжээний мөнгө хуваариллаа.

Эдгээр өөрчлөлтүүдийг 2026 оны төсвийн тодотголд орууллаа" гэж мэдээллээ.

Туул-1 коллекторын байгууламжийн ажилд нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөс нийт 2024-2026 онд нийт ₮59 тэрбумыг хуваарилснаас энэ онд ₮22.2 тэрбумыг зарцуулахаар баталсан байв. Үүн дээр нийслэлийн төсвөөс мөнгө нэмжээ.