Кир Стармер огцорсноор Их Британи улс арван жилийн дотор долоо дахь ерөнхий сайдын нүүр үзэхээр болов
Их Британийн ерөнхий сайд Кир Стармер албан тушаалаасаа огцрох төлөвлөгөөтэй байгаагаа Даваа гарагт зарлажээ.
Ингэснээр тус улс сүүлийн 10 жилийн дотор долоо дахь ерөнхий сайдын нүүр үзэхээр болж байна.
“Миний гаргасан шийдвэр бүр хайртай улс орноо нэн тэргүүнд тавих тухай байсан. Тиймээс би Хөдөлмөрийн Намын удирдагчийн албан тушаалаасаа огцрох болно” гэж тэр Лондон хотын Даунинг Стрит гудамжны 10 тоот хаалганы өмнө зохион байгуулсан богино хэмжээний хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.
Стармер ойрын хугацаанд Хөдөлмөрийн Намын шинэ дарга томилогдох хүртэл ерөнхий сайдын албан тушаалаа үргэлжлүүлэн хаших юм байна.
Түүнийг залгамжлах өндөр магадлалтай байгаа Энди Бернхэм өнгөрсөн Баасан гарагт болсон чухал санал хураалтад ялсны дараа парламентын гишүүний тангараг өргөсөн юм.
Стармерын мэдэгдлээс хойш хэдхэн цагийн дараа Бернхэм дараагийн ерөнхий сайдаар ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, “эмх цэгцтэй, хариуцлагатай” эрх мэдэл шилжүүлэхийг уриалсан байна.
“Би энэ үйл явдлын нэгэн хэсэг болж, өөрийн нэрийг дэвшүүлэх болно” гэж тэр мэдэгджээ.
Ерөнхий сайд Тони Блэйр, Гордон Браун нарын үед сайдын албан тушаал хашиж байсан 56 настай Бернхэм улс төрийн хүрээнд “Умард Зүгийн Хаан” хочоороо алдаршсан нэгэн бөгөөд саяхныг хүртэл Манчестер хотын даргаар есөн жил ажилласан юм.
Хуулийн дагуу ерөнхий сайд болох хүн парламентын гишүүн байх ёстой. Бернхэм өнгөрсөн долоо хоногт Мэйкерфилдэд болсон нөхөн сонгуульд ялсан нь ерөнхий сайд болох замыг нээгээд байгаа.
2024 оны долдугаар сард Хөдөлмөрийн Намыг үнэмлэхүй ялалтад хүргэж, 14 жил үргэлжилсэн Консерватив намын засаглалд цэг тавьсан хүн бол Стармер юм.
Гэхдээ тэр сүүлийн арван жилийн хугацаанд парламентын бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүй огцорсон зургаа дахь ерөнхий сайд болж байна.
Түүний өмнө Дэвид Камерон, Тереза Мэй, Борис Жонсон, Лиз Трасс, Риши Сунак нар ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байлаа.
Эдгээрээс Лиз Трасс ердөө 44 хоног ажилласны дараа огцроход хүрснээрээ алдаршиж байв.
Консервативуудын алдааг засахаар сонгогдсон Стармерын нэр хүнд хоёрхон жилийн дотор унасан нь бас нэг эмгэнэлтэй түүх болон үлдэж байна.
Түүнийг нэр хүндийг хэд хэдэн дуулиан унагасны хамгийн том нь бэлгийн хүчирхийлэгч Эпштейн агсны найз Питер Манделсоныг АНУ-д суух элчин сайдаар томилсон явдал байлаа.
Стармер өнгөрсөн есдүгээр сард Манделсоныг ажлаас нь халахдаа түүнийг Эпштейнтэй холбоотой байсныг сайн мэдээгүйгээ баталж байв.
Гэвч энэ асуудал 63 настай Стармерыг сүүлийн хэдэн сарын турш ороосны эцэст ийнхүү албан тушаалаасаа огцроход хүргэж байна.
Тавдугаар сард түүний нам орон нутгийн сонгуульд муу үр дүн үзүүлсэн нь асуудлыг улам хүндрүүлсэн юм.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эхэн үедээ Стармертай халуун дотно харилцаатай байсан ч Ираны дайны асуудлаар санал зөрөлдөж, харилцаа нь муудаж байв.
Ням гарагт Трамп сошиал хуудсандаа цагаачлал, эрчим хүчний асуудлаар амжилт олоогүй Стармер огцорч магадгүй байгааг урьдчилж мэдэгдсэн юм.
Ингэхдээ Трамп “Түүнд сайн сайхныг хүсье” хэмээн мэдэгдлээ дуусгасан байв.
Харин Европын Холбоо үүнээс тэс өөр байр суурь илэрхийлжээ.
“Ердөө хоёрхон жилийн дотор тан шиг төрийн зүтгэлтэн болоход бусад хүмүүст олон жил шаардагдаж магадгүй. Европ болон Украины аюулгүй байдал таны ачаар илүү хүчирхэг болсон. Баярлалаа, эрхэм Кир” гэж Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен мэдэгдсэн байна.
Brexit-ийн дараа Их Британи, Европын Холбооны харилцааг сайжруулахад Стармерын гүйцэтгэсэн үүрэг их юм.
Стармер 2015 онд парламентад сонгогдож, 2020 онд Хөдөлмөрийн Намын удирдлагыг Жереми Корбиноос авч байв.
Тэрбээр улс төр орохоосоо өмнө буюу 2014 онд хууль эрх зүйн салбарт байгуулсан гавьяаныхаа төлөө хүлэг баатрын хэргэмийг Хатан хаанаас хүртэж, Сэр Кир Стармер гэж дуудагдах болсон юм.
Өчигдөр хийсэн мэдэгдэлдээ тэр албан тушаалаас буусныхаа дараа гэр бүлдээ илүү их анхаарал тавих төлөвлөгөөтэй байгааг хэлжээ.
“Би улс орныхоо хамгийн том ажлаас чөлөөлөгдсөнийхөө дараа хамгийн чухал ажилдаа илүү их цаг зарцуулж, сайн, муу бүх үед миний хажууд байсан гайхалтай гэргий Викдээ хамгийн сайн нөхөр, миний бахархал, баяр баясгалан болсон хүүхдүүддээ хамгийн сайн аав байх болно” гэж тэр мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
