Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг огцруулах олон нийтийн жагсаал зохион байгуулах тухай Жокер хочтой иргэн Цолмонхүү өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр уг жагсаалаа дөрөвдүгээр сарын 19-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хотын дарга Х.Нямбаатар нь нийслэлийн ард иргэдийг дарангуйлал, фашист арга барилаар удирдаж байна гэж үзэж байгаа аж. Түүнчлэн Улаанбаатар хотын иргэдийн хэрэгцээн дээр тулгуурлаж, байгаа орчин нөхцөлдөө тааруулсан шийдвэр гаргахгүй байна гэдгийг онцлов.
Тус тайван жагсаалд хотын даргаас болж эрхээ зөрчүүлсэн хүмүүс болон Х.Нямбаатарыг хотын дарга байх эрхгүй гэж үзэж байгаа хүн бүрийг ирэхийг уриалж байгаагаа илэрхийллээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "Х.Нямбаатар нь нүүрсний жагсаалд оролцсон иргэдийн үндэсний эв нэгдлийг зохион байгуулалттай бусниулсан гэж үзэж байгаа учир түүнийг Тагнуулын ерөнхий газарт өгч шалгуулна.
Тухайн үед тус жагсаалыг зохион байгуулалттайгаар үймээн самуун үүсгэж тарааж байсан эрүүгийн гэмт хэрэгтэн Шаариг хочит Энхээ гэгч нь бүтэн жилийн турш намайг ална гэж заналхийлж байна. Энэ этгээд боксчин бөгөөд Х.Нямбаатартай найзууд юм. Х.Нямбаатар нь Боксын холбооны ерөнхийлөгч байсан.
Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ хоёр бол нэг баг гэж би хардаг. Тагнуулын ерөнхий газрын даргыг Ерөнхий сайд томилдог учир хамаарал бүхий этгээд нь аливаа үйлдэл гэмт хэрэг хийхэд шалгахгүй байх үндэслэл бүрдэх болов уу гэж би хардаж байгаа юм. Иймд Монгол Улсын ерөнхийлөгчид хандаж Тагнуулын ерөнхий газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, зөрчил дутагдал илэрсэн бол хариуцлага тооцож өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байна.
Бид яагаад Солонгосчууд шиг жагсаж болдоггүй юм бэ? Бид тайван замаар энэ фашист, зандалчин, "орк" Х.Нямбаатараас салах ёстой. Улаанбаатар хотыг нийгэмшсэн. Суурин соёл иргэншилд дассан түүний онцлогийг мэдэрдэг, хүний эрхийн мэдрэмжтэй хүн удирдах ёстой" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!