Уншиж байна ...

МЗЭ: Сэлбийн үерийн байгууламж дээр ажиллаж буй хоёр компани тус ажлын тендерт шалгарсан эсэх мэдээлэл байхгүй байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Залуучуудын Эвсэл ТББ-аас 2020 оноос хойш хэрэгжүүлж буй “Төсвөө мэдье, Төсвөө мөшгөе" цахим нөлөөллийн аяныхаа хүрээнд энэ удаад "Сэлбэ сэргэлт" төслийн хөрөнгө оруулалт, төсөв, төлөвлөгөө зэрэгт дүн шинжилгээ хийснээ танилцууллаа. 


Дүн шинжилгээний үр дүнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр танилцуулж буй мэдээллүүдээс хэд хэдэн зөрүүтэй мэдээллийг олж харсан байна.

Тодруулбал, "Сэлбэ сэргэлт" төсөл нь:

2023/09 дугаартай "Сэлбэ сэргэлт" төслийн хүрээнд сэлбийн 1.4 км урт үргэлжлэх төмөр бетон түшиц хана бүхий далангийн ажил 80 хувьтай үргэлжилж байна. Уг далангийн ажлыг ирэх зургаадугаар сарын 30-нд дуусгаж, үргэлжлүүлэн тохижилтын ажил хийнэ гэж албаныхан мэдээлж буй.

  • "Сэлбэ сэргэлт" төслийн ерөнхий гүйцэтгэгч, ТЭЗҮ, тохижилтын ажлын зургийг Хот төлөвлөлт, судалгааны институт гүйцэтгэж,
  • Усны барилга байгууламжийн зураг төслийг "Престиж инженеринг" ХХК,
  • Зам, гүүрний байгууламжийн зураг төслийг "Эм Си Пи Си Жи Ар" ХХК,
  • Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг "Би Жи Эм Дистрибьюшн” ХХК,
  • Инженер геологийн зураг төслийг "Сойл трейд" ХХК болон "Инжгеотех" ХХК,
  • Байр зүйн зураг төслийг "Кадсүрвэй" ХХК хийж гүйцэтгэсэн гэх "Сэлбэ сэргэлт” төслийн зураг төслийг Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар 2021 онд хийж, улмаар 2023 онд Барилгын хөгжлийн төвийн магадлалаар хянан баталгаажуулсан гэх зөрүүтэй мэдээллүүд байна.

Эдгээр мэдээллүүдийг харьцуулан 2021 онд ажлын хэсэг байгуулагдан судалгаа хийж, 2023 онд зураг төсөл нь батлагдсан эсэхэд дээр дурдагдаж буй байгууллагуудтай холбоотой захиалга, тендер зарлагдаж, шалгарсан компаниудын талаарх мэдээллийг шалгахад: 

  • Төрийн нээлттэй мэдээллийн сан болон Ulaanbaatar.mn сайтад тус бүтээн байгуулалттай холбоотой захирамж, шийдвэр, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө зэрэг мэдээлэл байршаагүй байна.
  • Мөн 2024 онд худалдан авах ажиллагааны зарлал байршсан байх боловч түүний үр дүнгийн талаарх мэдээлэл олдсонгүй.
  • Тэрчлэн Төрийн аудитын байгууллагын улс, нийслэл болон дүүргийн төсвийн 2020-2025 онуудын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн тайланд энэ төслийн мэдээлэл огт тусгагдаагүй байна.

2025 оны Дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн мэдээллээр Сэлбийн үерийн барилга байгууламж дээр Престиж Инженеринг болон Билгүүнмонгол Констракшн гэх хоёр компани ажиллаж байгаа юм байна. Үүний мөрөөр тус хоёр байгууллагын нэрээр оролцсон, шалгарсан тендерийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд мөн Сэлбэ сэргэлттэй холбоотой тендерт шалгарсан эсэх мэдээлэл байхгүй байна. 

Престиж Инженеринг компанийн бүртгэл олон удаа солигдож байсан ба төрийн худалдан авах ажиллагааны газрын нээлттэй сайтад дээрх ажлын зураг төслийн тендерт оролцож, шалгарсан дүн мэдээлэл бүртгэгдээгүй байна. Престиж Инженеринг, Престиж Инженеринг ХХК нэг бол Престиж компани, Престиж мед гэсэн салбар компаниуд бий. Тус байгууллагын оролцож байсан тендерүүд ихэвчлэн орон нутгийн ус хангамжийн судалгаа, Даланзадгад сумын төвийн гэр хорооллын үерийн ус зайлуулах шугам сүлжээний зураг төсөв боловсруулах зэрэг орон нутгийн төсөв, санхүүжилттэй хэрэгждэг төсөл ажлуудад шалгарч байсан туршлагатай компани байв.

Билгүүнмонгол Констракшн компанийн тендерт шалгарсан баримт нотолгоо мөн байхгүй. Гэвч Сангийн яамнаас холбогдох санхүүжилтээ авсан байдалтай ажиллаж байна. Тус байгууллагын хувьд голдуу БШУЯ-ны харъяа сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн ажлуудыг авч хийдэг онцлогтой байгууллага аж. Тус байгууллага Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын шугам барилга байгууламжийн ажлын гэрээг байгуулсан эсэх мөн ажлын даалгавар https://www.tender.gov.mn/mn тус сайтад хавсралтаар байхгүй. Мөн шилэн дансанд тайлан мэдээлэл бүртгэлгүй. 

"Ажлын төлөвлөлтийн талаарх мэдээлэл 2020-2025 онуудын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн тайланд огт тусаагүй"

  • Дээрх ажлуудыг хийхийн тулд төлөвлөлт хийгдэх ёстой. Тэдгээрийн төлөвлөлтийн талаарх мэдээлэл Төрийн аудитын байгууллагын Улс, Нийслэл болон дүүргийн төсвийн 2020-2025 онуудын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн тайланд огт тусаагүй байна.
  • Нийслэлийг үерийн эрсдэлээс хамгаалахын тулд Туул, Улиастай, Сэлбэ, Бэлх голын дагуу 31.68 км үерийн хамгаалалтын далан шинээр барих шаардлагатайг мэргэжлийн байгууллагынхан тогтоосон. Тодруулбал, 2021 онд "Сэлбэ сэргэлт" төслийн судалгааг эхлүүлж, 2023 онд зураг төслийг батлуулсан гэж буй. Үүний дагуух тендер 2024 онд зарлагдсан ч үр дүн нийтлэгдээгүй байна.

Гэтэл гүйцэтгэгчээр сонгогдон ажиллаж байгаа Билгүүнмонгол Констракшн нь Сангийн яамнаас 2024 оны 11 сараас эхлэн санхүүжилт аван ажлаа хийж байгаа юм. Ажил гүйцэтгэх гэрээний дүн 19.5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс эхний санхүүжилт болох 1.9 тэрбум төгрөг болон 2025 онд 1.2 тэрбум төгрөгийг тус тус авсан байна. 

Мөн дээрх бүтээн байгуулалтыг хийж дуусгаад дараа нь тохижилтын ажил хийгдэхээр яригдаж байгаа юм. Түүнийг Хятадын банкны хөрөнгө оруулалтаар санхүүжилтийг шийдвэрлэх тухай яригдаж байгааг эх сурвалжууд яриандаа дурдаж байгаа юм. Үүнийг Сангийн яамны гадаад зээл, тусламжийн мэдээллээс шүүхэд дараах төсөл байж болох таамаг дэвшүүллээ.

“Сэлбэ сэргэлт” төсөл ₮400 тэрбумын төсөвт өртөгтэй ч олон төслүүдээр жижиглэн хувааж тодорхойгүй байдал үүсгэж байна"

Энэ байдал нь дараах хуулиудыг зөрчиж байна гэж дүгнэжээ. 

  • ... Төсвийн зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд Төсвийн тухай хуулийн 6.6.4 дэх заалт болох төсвийн захирагч нь төсвийн жилийн дундуур энэ хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн жилийн төсөвтөө өөрчлөлт оруулж, зохицуулалт хийсэн бол гүйцэтгэлийг нь анхны батлагдсан зорилт, хүрэх үр дүнтэй харьцуулж тайлагнадаг байх заалтыг зөрчсөн бүтээн байгуулалт болж байна.
  • Албан бус мэдээллээр “Сэлбэ сэргэлт” төсөл нийт 400 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй гэх боловч олон төслүүдээр жижиглэн хувааж тодорхойгүй байдал үүсгэж байна.
  • Гэрээний шатанд байгаа Хятадын санхүүжилт буюу Улсын, нийслэлийн төсөвт суугаагүй зээлдээ найдаж өмнөх санхүүжилтүүдийг олгосон байх магадлалтай. Төлөвлөлтийг Төрийн аудитын байгууллагын Улс, Нийслэл болон Дүүргийн төсвийн 2020-2024 онуудын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн тайланд огт тусаагүй.
  • Шилэн дансны тухай хуулийн 6.1.1-д тухайн жилийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтийг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор байршуулна. Мөн энэ хуулийн 6.4.6 дахь заалт худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт шалгалтын дүн байхгүй зэрэг хуулиудыг зөрчиж байна.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав