Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлтийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр болж, таван үндэслэлийн дагуу нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн.
Хуралдаан даргалагч шүүгчийн зүгээс "Гал түймрийн улмаас шатсан барилгыг улсын комисс ашиглалтад хүлээж авахдаа Галын аюулгүй байдлын тухай хуульд заасан шаардлага хангасан барилга хүлээж авсан эсэх талаар тогтоох шаардлагатай" хэмээн дүгнэсэн тул прокурорт буцаасан юм.
Тэгвэл "Дүнжингарав" ХХК-ийн захирал Н.Баатаржавын өмгөөлөгч өчигдөр шүүхэд гаргасан хүсэлт дээрээ Гал түймрийн улмаас шатсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар барилгыг улсын комисс ашиглалтад хүлээж авахдаа ямар алдаа гаргасан талаар баримт дурдсаныг хүргэж байна.
Өмгөөлөгч н.Сайнбаяр "207 дугаар байрны гадна пасадын дулаалгын талаар дүгнэлтэд ерөөсөө дурдаагүй. Шинжээч нар гал дэмждэг эсэхэд яагаад дүгнэлт гаргаагүй вэ. Яагаад гэвэл газ нь дөл өгөнгүүт тэсрээд агаарт замхарч ууршаад алга болдог. Бензин шиг агаарт наалдаж шатаад байдаг бодис биш. Гэтэл 207 дугаар байр гурван цаг шатсан.
50 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг томилж ажиллуулж байхад нэг нь ч полистрол хавтангийн шинжилгээ хийлгэх санал гаргаагүй. Гамшиг судлалын хүрээлэн полистрол хавтангийн дээжийг шинжлээд хэвийн шатдаг, хялбар дөллөж асдаг гэсэн дүгнэлт гаргасан.
207 дугаар байрны гадна дулаалгыг хийсэн полистрол хавтан нь хэвийн шатдаг ангилалд ордог бүтээгдэхүүн юм. Гэтэл архитектур төлөвлөлтийн даалгавар дээр энэ барилгыг галт тэсвэржилтийн хоёрдугаар ангилалтай гэсэн. Гамшиг судлалын хүрээлэнгийн гаргасан дүгнэлтээр 207 дугаар байрны полистрол хавтан нь дөрөвдүгээр буюу галыг хэвийн дэмждэг гэсэн ангилалд ороод байна. Тэгэхээр галыг дэмжиж, асаад иргэдэд хор учруулаад байгаа материалыг нь судалж шинжилж үзээгүй байхад дүгнэлт яаж үнэн зөв гарах вэ. Энэ барилгыг галд тэсвэртэй хоёрдугаар зэргийн хавтангаар буюу хатуу, чулуун хавтангаар барих ёстой байсан. Анх төлөвлөхдөө эрдэс хөвөнгөөр дулаалгын материал хийнэ гэж байсан. Яваандаа зөвхөн нэгдүгээр давхрыг эрдэс хөвөнгөөр дулаалаад, хоёроос дээш полистрол хавтангаар дулаалсан.
Барилгын бетонтой холбоотой дүгнэлт байна. International education school of mongolia ХХК-ийн багш ажилчдын орон сууцны А, Б блокийн бетоны бат бэхийн үнэлгээг 2016 оны дөрөвдүгээр сарын 5-нд хийсэн. Гэтэл орон сууцны Б блокийн бетоны цутгалтын гэрээг 2016 оны долдугаар сарын 7-нд байгуулсан байна. Цутгаагүй барилгын бетоны бат бэхийн шинжилгээг гурван сарын өмнө хийчихсэн байна.
207 дугаар байр нь анх 93 айлын орон сууцаар төлөвлөгдөж ажлын зураг нь гарсан. Яваандаа 95 айл болсон. Өөрчлөлтийн зураг нь архивын материалд байхгүй. Улсын комисс өөрчлөлтийн зургаа гэж нэхсэн ч гарын үсгээ зурсан. Улсын комисс зургийг нь үзэж чадаагүй учир бид яаж чадах билээ. Мөн дөрвөн айл мансартад байгаа. Анх 12 давхар барилга гээд ашиглалтад орсон. Энэ дөрвөн айлыг улсын комисс хэрхэн хүлээн авсан бэ. Өмчлөх эрхийн гэрчилгээг яаж гаргасныг тодруулах ёстой.
Бидний мэдэхгүй байгаа зүйлийг мэргэжлийн үүднээс тодруулаад 207 дугаар байранд дүгнэлт гаргаад өгөөч гэж шинжээч томилж байгаа. Эс бөгөөс энэ барилга шатсан, хэчнээн хөрөнгө шатчихлаа гэж энгийн зүйл хийх байгаа бол шинжээчийн хэрэг юу билээ. Анхнаасаа энэ барилга ямар зургаар хийгдсэн, орц найрлага юу байсан гэдгийг тодруулж өгвөл ядаж хөрөнгийн үнэлгээ бодитой гарна. Зах зээлийн үнээр гаргалаа гээд хохирогч гомдол гаргаад байна.
Барилга эхлэх зөвшөөрлийн асуудал яригдана. 2016 оны есдүгээр сарын 19-нд 207 дугаар байрны 10 дугаар давхрын цутгалтын ажил дууссан. Шинжээчийн дүгнэлтэд 2016 онд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон байна гэсэн. Барилга эхлэх зөвшөөрөл нь сар, өдөр бүү хэл цаг минутаараа байх ёстой. Барилга эхлэх зөвшөөрөл гараагүй байхад нэг ч ажил эхлэх ёсгүй.
Гэтэл барилга эхлэх зөвшөөрөл нь 2016 оны арваннэгдүгээр сарын 1-нд гарсан. 2016 оны есдүгээр сарын 19-нд магадлалын ерөнхий дүгнэлт гарсан. Магадлалын ерөнхий дүгнэлт гарсны дараа ажил эхлэх зөвшөөрөл гарна. Гэвч 207 дугаар байранд хойноосоо урвуу хамааралтай болчихсон.
Барилга эхлээд 10 дахь давхрын цутгалт явж байхад магадлалын ерөнхий дүгнэлт гарсан. Цутгалт дууссаны хойно барилга эхлэх зөвшөөрөл нь гарчихсан байна. Магадлалын ерөнхий дүгнэлт дээр зургийн алдааны талаар дурдсан. Тус дүгнэлтэд "энэ барилгыг барихад сууриасаа ус нэвчиж байна. Асуудлыг шийд" гэсэн байдаг. Гэтэл зураг дээрээ өөрчлөөд зурчихсан гэсэн байна. Цутгалт нь 10 давхартаа хүрчихсэн барилгын зургийг яаж өөрчилж зурах вэ. Архивт байхгүй учраас мөрдөн байцаалтын үеэр олж тогтоож өгнө үү.
Шинжээчийн дүгнэлтэд 207 дугаар байрыг нураая гэх зүйл байхгүй. Зөвхөн энэ барилгыг нураах зардал гэж бий. Тиймээс хохирлын тооцоотой холбоотой анхнаасаа энэ барилга яаж баригдсан эсэх асуудлыг шинжээч бүрэн гүйцэд тогтоож чадаагүй учраас хэрэг бүртгэлийн мөрдөн байцаалтын шатанд буцаан өгнө үү" хэмээн ярив.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!