Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлтийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр болж, таван үндэслэлийн дагуу нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн.
Хуралдаан даргалагч шүүгчийн зүгээс “Дашваанжил ХХК-ийн болон “Nissan patrol” маркийн тээврийн хэрэгслийн жолооч нар Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэх дүгнэлт нь эргэлзээтэй байна" хэмээн үзсэн тул прокурорт буцаасан юм.
Тэгвэл “Nissan patrol” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг яагаад хэрэгт татаагүй талаар шүүгдэгч Н.Баатаржавын өмгөөлөгч өчигдөр гаргасан хүсэлтийг хүргэж байна.
Өмгөөлөгч н.Сайнбаяр "Nissan patrol” маркийн 1459 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эцсийн өмчлөгчийг олж тогтоох ёстой. Энэ тээврийн хэрэгслийг Э.Мөнхнаран байгууллагын өмч гэсэн.
Зам тээврийн осол гарах үед Э.Мөнхнаран ямар ажил хийж явсан, ямар шалтгааны улмаас "Nissan patrol” маркийн 1459 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан бэ. Тухайн тээврийн хэрэгслийг хувийн хэрэгцээнд ашиглах бүрэн эрхтэй эсэх, байгууллагын дотоод журмыг хавтаст хэрэгт аваагүй. Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн алба төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын автомашин ашиглах журмыг хавтаст хэрэгт авах ёстой.
Э.Мөнхнаран Дүнжингаравын уулзвар дээр баруун гар тийшээ эргэх үйлдэл хийхдээ замын хөдөлгөөний ямар дүрэм заалт зөрчсөн талаар тодорхой дурдаагүй. "Энэ хүний ур чадвар дутсан" гэх үг бий. Осол хийсэн хүн бүрийг ур чадвар дутсан гээд толгойг нь илээд байх уу. Ямар нэгэн дүрмийг хэн нэгэн зөрчсөн болоод осол гарсан байж таараа. Тиймээс Э.Мөнхнаран хаана яваад байгааг тогтоох шаардлагатай байна.
Э.Мөнхнарангийн явсан маршрутын урт, туулсан цаг хугацааг тогтоогоогүй. Хан-Уул дүүргийн спорт цогцолбороос гараад Дүнжингаравын уулзвар хүртэл ийм ийм маршрутаар явсан байна гэдэг тооцоолол гаргасан. Хэдэн км урттай замыг хэр хугацаанд туулж ирсэн, тухайн хүний сэтгэлийн хөөрлийг яагаад үзүүлж болоогүй юм бэ.
Энэ хүн 00:35:04 цагт Хан-Уул дүүргийн спорт цогцолбороос хүүтэйгээ гараад явсан бичлэг байгаа. Спорт цогцолбороос гарч машиндаа сууж явсаар осол гарах үед 00:56:42 цагт Хан-Уул дүүргийн Гэрлүгэ цогцолбор дээр ирсэн. Шөнийн цагаар, гэрлэн дохиотой үед 20 минутын хугацаанд энэ замыг туулсан гэсэн үг.
Шинжээчийн дүгнэлтэд "Дашваанжил" ХХК-ийн автомашины жолооч Ч.Ренчиндорж замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна хэмээн гарсан. Энэ хүн зам тээврийн осол үйлдээгүй юм бол яагаад "Дашваанжил" ХХК-ийн захирал яллагдагчаар татагдаж байгаа юм бэ. Шалтгаант холбоог заавал олох ёстой.
Бодит байдал дээр баруун гар тийшээ хөдөлгөөнөө өөрчлөх гэж байгаа Э.Мөнхнаран жолооч дохиогоо өгөөгүй. Хоёрдугаарт дохиогоо өгөөд баруун гар тийшээ эргэх гэж буй “Дашваанжил" ХХК-ийн автомашины араас орж ирсэн.
Э.Мөнхнаран гэх хүн замын хөдөлгөөний дүрэм зөрчихөөс гадна төрийн байгууллагын албан тушаалтан. Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчсөн байна. Үүнийг яагаад шалгадаггүй юм бэ.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6.3.Энэ хуулийн 3.1-д заасан этгээд орон нутагт албан томилолтоор, хуульд заасан эрх бүхий этгээд газар дээрх хяналт шалгалтаар ажиллахад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, эсхүл төрийн болон орон нутгийн өмчийн автотээврийн байгууллагаар үйлчлүүлэхээс бусад тохиолдолд автомашин ашиглахыг хориглоно гэж заасан. Энэ хуулийг харвал Э.Мөнхнаран байгууллагын автомашиныг ашиглах ямар ч эрхгүй байсан.
Хэрэв энэ хүн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол ядаж Зөрчлийн тухай хуулиар торгуулах ёстой. Гэтэл өнөөдөр Э.Мөнхнаранд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ аваагүй. Эрүүгийн хуульд яллагдагчаар татаагүй. Тиймээс энэ хүнийг зайлшгүй хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтаар шалгаж, үйлдсэн гэмт хэрэг байвал тогтоох ёстой. Гэмт хэрэг тогтоогдохгүй бол цагаатгаад гаргадаг шүү дээ.
Хоёр жолооч Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлээр шалгагдаж яваад нэг нөхөр нь яагаад байхгүй болчихсон юм бэ. Хоёулаа шалгагдаж байх ёстой. Тиймээс Э.Мөнхнаран гэх жолооч хаана байна вэ гэдэг асуудлыг бүрэн гүйцэд тогтоож шалгах ёстой" гэв.
Харин өмгөөлөгчийн хийсэн тайлбарын хариуд Прокурор "Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас Цагдаагийн ерөнхий газарт өнөөдөр албан бичиг ирүүлсэн. Батлан хамгаалах яамны төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байсан Э.Мөнхнарангийн тухайн үед явсан маршрут, ажил гүйцэтгэх хувиар холбогдох журмуудыг хавсаргаж явуулсан байна. Нийт 24 хуудастай албан бичгийг шүүхэд гаргаж байна" хэмээн хариулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
43 СЭТГЭГДЭЛТЭЙ
|