Бохир усны хоолой, суултуурт нойтон салфетик, цаас, үсний сэв, хоолны үлдэгдэл, амны хаалт, памперс зэрэг хатуу хог хаягдал хийх нь Төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг байна. Иймээс УСУГ-аас бохирын хоолойнуудад эдгээр хог хаягдлыг шүүх шүүр суурилуулж эхэлжээ.
Энэ тухай Ус Сувгийн Удирдах Газрын Хэрэглэгчид үйлчлэх албаны гэрээний инженер П.Бат-Оюун "Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа. Шинэ цэвэрлэх байгууламжийн эхний ээлжийн туршилт, тохируулгын ажлууд тавдугаар сард эхэлнэ. Үүнээс өмнө бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлыг шүүх шүүр суурилуулж байна.
Одоогийн байдлаар хуучин цэвэрлэх байгууламжид нийлүүлэгдэж буй хаягдал усны бохирдлын түвшин стандартаас маш их хэтэрсэн, ахуйн хог хаягдал их хэмжээгээр ирж байгаа нь тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Иймд гэрээтэй хэрэглэгчид болон Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны ашиглалт, үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчид буюу хувийн хэвшил, орон нутгийн өмчит тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай хамтарч өнөөдөр Баянзүрх дүүргийн бохир усны шугамууд дотор хатуу хог хаягдлыг шүүх зориулалтын шүүрийг суурилуулж байна" гэв.
Ус Сувгийн Удирдах Газрын инженер "Улаанбаатар хотын хэмжээнд бүсчилсэн байдлаар бохирын хоолойнуудад 352 ширхэг шүүрийг суурилуулах ажил 25%-тай үргэлжилж байна. Энэ нь бохир усан дахь механик бохирдлыг шүүж авах зориулалттай шүүр юм. Ингэснээр төв цэвэрлэх байгууламжид очих хатуу хог хаягдлыг багасгана. Цаашид орон сууцны хороолол, хотхонд ирж байгаа бохирдлын түвшнийг ялгах, шаталсан арга хэмжээг авна" гэж тайлбарлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|