Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг өсгөх чиглэлээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй.
Тус ажлын хэсгийн гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан экспортын дүн мэдээг танилцууллаа.
Тэрбээр "Ажлын хэсгээс цогц төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ өссөн дүнгээрээ өмнөх оны мөн үеэс давсан.
Нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл хугацаанд 22.9 сая тонн нүүрс экспортод гарчээ. Үүний дотор Бичигт боомтоор экспортод гаргаж байгаа эрчим хүчний нүүрсний хэмжээ 2.9 дахин нэмэгдэж, 2.1 сая тонн нүүрс гаргалаа. БНХАУ-ын зах зээл рүү нийлүүлэгдэж байгаа эрчим хүчний нүүрсний хэрэглээ нэмэгдсэн нь 2025 оны үлдсэн хугацаанд гурван сая тонн нүүрс нэмж экспортолж, 100 сая ам.долларын нэмэлт орлого олох боломжийг нээж байна" хэмээв.
Хэдийгээр экспорт нэмэгдэж байгаа нь таатай мэдээ боловч бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбоотойгоор импорт ч өссөнийг сайд Ц.Туваан мөн дурдсан.
Дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар манай улсын гадаад валютын нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь хэвээрээ хадгалагдаж байгаа аж. Гэвч ам.доллартой харьцах төгрөгийн ханш суларсаар байна. Энэ асуудлаар тэрбээр "Валютын үнийн өсөлттэй холбоотойгоор Монголбанкнаас интервенц, валют борлуулах арга хэмжээг бодлогын дагуу шат дараатай хэрэгжүүлж байна" гэлээ.
Түүнчлэн "Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн компани хоорондын гурван гэрээний хоёр нь манайхтай холбоотой. Нэг нь нүүрс худалдах, худалдан авах гэрээ. Уг гэрээг ерөнхийдөө бүх зүйл дээр тохиролцоод тавдугаар сарын 1-н гэхэд эцэслэж, нүүрсний худалдааг эхэлнэ гэсэн төсөөлөлтэй байгаа.
Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хэсэг ажиллаж байгаа. Тус ажлын хэсэг энэ өдрүүдэд БНХАУ-д хэлэлцээгээ үргэлжлүүлж байна. Тавдугаар сарын эхний хасагт энэ гэрээ зурагдана" гэв.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар мөн Уул уурхайн биржийн тухай хуулийг буцаан татахаар болсон байна. Ирэх долоо хоног хүртэлх хугацаанд Засгийн газар хэлэлцэж, дахин өргөн барих эсэхээ шийдэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
|