"Дүүжин тээврийн шонг суурилуулахдаа газар чөлөөлөлтийн ажилд улс, нийслэлийн төсвөөс хөрөнгө зарцуулаагүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугам буюу Яармаг, Арцат-Хархорин, Өнөр хороолол чиглэлд тулгуур багана байрлуулах ажил үргэлжилж буй.

Туул голын ай сав газар байрлалтай 3-9 дүгээр тулгуур баганын нийт 28 ширхэг шон суурийн өрөмдлөг, арматурчлал, бетоны ажил хийгдсэн бөгөөд өрөмдлөгийн ажил дөрөвдүгээр сарын 20-ны өдөр дуусна гэж бүтээн байгуулалтын явцыг танилцуулав.

Франц улсаас импортлох үндсэн материалын эхний ээлжийн 19 тонн бүхий тулгуур баганын тоног төхөөрөмжүүд төслийн талбайд буусан бөгөөд хоёр буудлын нийт тоног төхөөрөмж, Т1-Т8 тулгуур багана бүхий 30 чингэлэг ачаа төслийн талбай руу ачигджээ.

“Яармаг, Арцат – Өнөр хороолол” чиглэлийн нарийвчилсан зураг дизайны ажлыг төслийн гүйцэтгэгч "Пома" групп болон туслан гүйцэтгэгч "Archetype Mongolia" ХХК зохион байгуулан ажиллаж буй. Төслийн барилга угсралтын ажлыг 2025 оны дөрөвдүгээр улиралд багтаан дуусгахаар төлөвлөжээ.

зураг
 

2026 оны нэгдүгээр улиралд туршилт тохируулгын ажлууд дууссаны дараа бүрэн ашиглалтад оруулах бөгөөд дүүжин замын тээврийн төрлийн Европын Холбооны стандартыг нутагшуулах зорилгоор “Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага”-тай холбоотой 15 стандартыг СХЗГ-ын Авто тээврийн стандартчиллын техникийн хороогоор батлуулан, MNS бүртгэлд шилжүүлсэн байна.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн эх сурвалжийн мэдээлснээр газар чөлөөлөлтийн ажилд улс, нийслэлийн төсвөөс хөрөнгө зарцуулаагүй, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд уг төслийг дэмжсэн бол 13 дугаар тулгуурын нөлөөлөлд өртсөн газрын асуудлыг шийдвэрлэхээр тохирч, “БҮК” ХК-тай сервитутын гэрээ байгуулжээ.

Нэгдүгээр шугамын техникийн үзүүлэлт:
Трассын урт: 4.2 км
Хамгаалалтын радиус: 15 м2
Тулгуур баганын өндөр: 7.5-42м
Цамхгийн тоо: 19
Тээвэрлэх хурд: 6 м/с
Салхины тэсвэрлэлт: 70 км/ц
Хүчин чадал: 2400хүн/ц
Зогсоолын хэмжээ: 30x30 м
Кабины багтаамж: 10 зорчигч
Аялах хугацаа: 11 минут байна.