Уншиж байна ...

Хятад улс АНУ-тай худалдааны яриа хэлэлцээ эхлүүлснээ үгүйсгэснийг Трамп няцаав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп одоо үргэлжилж буй худалдааны дайн нь үр дүнд хүрч, дэлхийн олон улс яриа хэлэлцээ хийж эхэлснийг байнга гайхуулан ярьж байгаа.

Ингэхдээ Хятад улсыг бас худалдааны нөхцөлөө өөрчлөх талаар Вашингтонтой хэлэлцэж эхэлсэн тухай дурдаж байв.

Өчигдөр Хятадын засгийн газар үүнийг нь няцаасан юм.

“Хятад, АНУ-ын талууд татварын талаар зөвлөлдөх, хэлэлцэх нь бүү хэл ингэх талаар тохиролцоо ч үгүй байгаа” гэж Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гуо Жякунь хэлээд үүнийг “хуурамч мэдээлэл” гэж тодорхойлсон байна.

Гэтэл дараа нь ерөнхийлөгч Дональд Трамп үүнийг нь хариу няцаажээ.

“Тэд өнөөдөр өглөө уулзсан” гэж хэлсэн Трампаас сэтгүүлчид хэн тэгж мэдээлснийг асуухад “Хэн байх нь хамаагүй. Сүүлд тодорхой болох байх. Ямар ч байсан өнөөдөр өглөө манайхан Хятадын талтай уулзсан” гэж хариулсан байна.

Трамп болон түүний танхимын сангийн сайд Скот Бэссэнт нар энэ долоо хоногийн эхээр Хятадын улсын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан импортын өндөр татвараа багасгаж магадгүй болсныг мэдээлж байв.

Трампын засаг захиргаа эхлээд Хятадын татварыг 145 хувь хүртэл өсгөсөн бол Бээжингийн эрх баригчид хариуд нь АНУ-ын зарим барааны импортын татварыг 125 хувьд хүргэж өсгөөд байгаа.

Бас Хятадын тал стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын экспортоо хязгаарлах арга хэмжээ авсан юм.

Өчигдөр өглөө Трамп сошиал хуудсандаа Boeing компанийн онгоцны захиалгаа цуцалсан Хятадын талыг шүүмжилсэн байна.

“Boeing компани захиалсан гоёмсог онгоцнуудаа аваагүйнх нь төлөө Хятад улсыг шийтгэх хэрэгтэй. Энэ бол Хятадын тал АНУ-ын эсрэг олон жилийн турш хийсээр ирсэн зүйлсийн зөвхөн нэг жижиг жишээ юм” гэж тэр бичжээ.

Лхагва гарагт Boeing компанийн гүйцэтгэх захирал Кэлли Ортбэрг энэ онд 50 хүртэл тооны нисэх онгоцыг Хятадын компаниудад нийлүүлэх төлөвлөгөөтэй байсан ч худалдааны дайны улмаас захиалга цуцлагдсаныг хөрөнгө оруулагчдад мэдээлж байв.

 

Эх сурвалж: Reuters