Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны тавдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэлд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Улс төрийн намын тухай хуульд “Сонгуулийн төв байгууллага жил бүрийн 09 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө төрийн санхүүжилт авах эрх бүхий нам бүрд төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилийн санхүүжилтийн хэмжээг энэ хуульд заасны дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар төрийн санхүүжилтийн дээд хэмжээг хуульд заасны дагуу төлөвлөн тооцож, тогтоол гаргаснаа нийтэд мэдээлсэн юм.
Улс төрийн намын тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн санхүүгийн тайланг хянасны дараа дээрх санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоож, олгохоор хуульчилсан. Хуулийн хугацаанд 28 нам тайлангаа ирүүлснийг аудитын хуулийн этгээд, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар хянаж, дүгнэлт гаргасан. Эдгээрээс Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам, Иргэний зориг ногоон нам, Үндэсний эвсэл, Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв намд 2025 онд олгох төрийн санхүүжилт, дөрвөн жилд нэг удаа олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоох асуудлыг хуралдаанаар хэлэлцэв.
Улсын төсвөөс нэг намд олгох санхүүжилтийн нийт хэмжээ нь намын гишүүний татвар, сонгуульт гишүүний татвар, иргэний өгсөн хандив, хуулийн этгээдийн өгсөн хандивын зэрэг нийт 4 төрлийн орлогын нийлбэрээс хоёр дахин их, эсхүл түүнээс илүү байж болохгүйг Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэгт тодорхой зохицуулсан. Өөрөөр хэлбэл улс төрийн нам зөвхөн төрийн санхүүжилт, дэмжлэгээр үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд энэхүү зохицуулалт нь улс төрийн нам үйл ажиллагаагаа идэвхтэй явуулах, дотоод ардчиллаа бэхжүүлэх хуулийн шаардлагатай шууд холбоотой юм.
Улс төрийн намд төрөөс олгох дээрх санхүүжилт нь иргэний улс төр, ардчиллын боловсролыг дэмжих, нам дотоод ардчилалтай, бодлогын институт болж хөгжихөд зориулагдахаар хуульчилсан бөгөөд уг зориулалтаар зарцуулсан эсэхэд иргэд, олон нийтийн оролцоотойгоор 3 шатлалтай хяналтыг хэрэгжүүлнэ. Хэрэв төрийн санхүүжилтийг дээрх зорилгоор зарцуулаагүй, түүнийг ил тод, нээлттэй тайлагнаагүй тохиолдолд санхүүжилтийг зогсоох, цаашлаад улс төрийн намыг идэвхгүйд тооцох хариуцлагын зохицуулалтыг хуульчилсан.
Улс төрийн намуудад хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллахыг Хуралдаанаас Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газарт үүрэг болголоо.
Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар төрийн санхүүжилтээс татгалзах тухай албан бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд 2025 оны 4 дүгээр сарын 29-ний ирүүлсэнтэй танилцав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!