ХОСГҮЙ ҮНЭТ БҮТЭЭЛ ЦУВРАЛ 2- “АЖЛЫН ДАРАА”


Хүн бүрд урлагийг ойртуулах зорилгын хүрээнд IKON.MN шинэхэн урлагийн булангийнхаа эхний нийтлэлээр Монголын уран зургийн хосгүй үнэт таван бүтээлийг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн танилцуулах бүтээл бол зураач Г.Одонгийн 1953-1954 онд зурсан "Ажлын дараа" бүтээл юм.

Том дэлгэцээр үзвэл илүү тохиромжтой.
Нийтлэл аудиотой тул та текст унших бол тайлбарын дууг зогсоож болно. Эсвэл тайлбарыг нь сонсонгоо зургаа ажиглаарай. 🔉🎧


Үргэлжлүүлэхийн тулд хажуу тийш гүйлгэнэ үү ➡️

"Ажлын дараа" 1953-1954 он

Ардын зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Гэлэнгийн Одон /1925-1996 он/
Зотон, тос 160х200 см


ЗУРГИЙН ТҮҮХ:
Зургийн дүрүүдийг сонгосон тухайгаа тэрбээр “Би оюутан байхаас зуны амралтаараа хадланд гарч, ээждээ тусалдаг байлаа. 1947 оны намар хадлангийн үеэр газар зууханд тогоо тавьж буй ээжийгээ харахад орой нар шингэхтэй зэрэгцэн сэтгэлд буусан сайхан дүр байдал харагдсанд картон цаасан дээр тосон будгаар тухайн өнгө, агшныг тэмдэглэж авсан юм. Цэлмэг тэнгэрийн доор налайж, хадсан газрын чийглэг хөрснөөс ааглаг өвсний ариухан үнэр ханхалж, өвөлжөөнөөс урагш үргэлжлэн ургасан хулсан шугуйн хүрэн түрүүнүүд урьхан салхины аясаар долгиолон халиурах нь одоо хүртэл сэтгэлд хоногшин үлджээ...
1952 оны эхээр авдраа уудалж хуучин зургуудаа эргүүлж суутал өвсөн овоохойтой судалбар минь гарч ирдэг байгаа. Тэгтэл өнгөрсөн сэтгэгдэл минь амилан босож түүнийг амьдруулан зурмаар санагдаж, “Ажлын дараа” хэмээх зургийн ажил ийнхүү эхэлсэн билээ.

00:00 00:00
...Судалбарт дүрслэгдсэн талбай дээр янз бүрийн дүрсүүд татлан эрсээр нэлээд удлаа. Олигтой юм болж өгөхгүй болохоор нь хаяж ч үзлээ. Нэгэн өдөр, гудамжинд, тампуутай юм үүрсэн ширвээ хар сахалтай өвгөнтэй тааралдав. Түүнтэй хашааны үүдний модон сандалд сууж хуучилбал, зуруулж болмоор ам гарсанд нь баярлан, цаг өдөр болзоод харьсан сан” хэмээн дурссан байдаг.
00:00 00:00

Сэтгэлд хоногшсон намрын өдрийн дурсамж...


ЗОХИОМЖ БОЛОН ОНЦЛОГ:
Зураач хадлангийн бригадын хамт олон их ажлын дундуур түр завсарлан амарч буй агшныг сэтгэлд хоногшсон намрын өдрийн дурсамжаар бүтээхдээ саарал дээлтэй гол дүрийн залуугийн дүрээр хамтын хөдөлмөрт оролцохгүй байвал ямар харагдахыг харуулсан байдаг. Залуугийн үс нь сэгсгэр, өвс зуучихсан, дээлийнх нь энгэрт архины шил харагддаг. Үүгээрээ түүний төвлөрч өгөхгүй байгаа зан байдлыг харуулжээ. Урд нь хоёр тамхины иш байгаагаас энэ хүмүүс 10 минут амарч суусан байх ч гэж тайлбарлах нь бий.

00:00 00:00
Зураач өөрийн дүрийг сонин гарчиглаж буй цагаан цамцтай сэхээтэн залуугаар дүрсэлсэн нь Монголын дүрслэх урлагт өөрийнхөө зургийг зурдаг шинэ зүйлийг гаргаж ирсэн байдаг. Цагаан цамцтай залуу бол саарал дээлтэй залуугийн эсрэгцэл гэдгийг үсээ сайхан зассан, цагаан цамц өмсөөд сонин гарчиглан сууж байгаагаас нь эсрэгцүүлж харж болно. Энд сууж буй хүмүүсээс толгой өндөр сууж буй түүний дүрээр нийгмийн байр суурийг нь харуулахын зэрэгцээ боловсролтой, хөдөлмөрч байвал ийм байна гэдгийг харуулсан гэж хэлж болно.
00:00 00:00

Соцреалист уран зургийн түүхэн үеийг бүрэн төлөөлнө

Энэ бүтээлийн хосгүй үнэт болсон онцлог нь хөрөг зургийн мастер ажиллагаа юм. Дүрүүдийн сэтгэл хөдлөлийг нарийн уялдуулан зохиомжилсон уг бүтээл тухайн нийгэм, улс төрийн үзэл санааны тусгал болохын зэрэгцээ соцреалист уран зургийн түүхэн үеийг бүрэн төлөөлөхүйц соёлын хосгүй үнэт өв юм. Тухайлбал бор дээлтэй хүний баруун гарын биеийн хэлэмж нь гол дүрийн өвгөн рүү чиглэсэн байгаагаас түүний туслах, эсвэл өвгөнийг илүү дагадаг нэгэн гэдэг нь харагддаг. Баруун талын залуу руу нүднийхээ үзүүрээр харж байгаа нь загнаж, зэмлэж байгаа байдалтай харагдана.
00:00 00:00
Майхны гадна сууж буй хүн бол энд өрнөж буй ярианд оролцохгүй, өөрийн гэсэн бодолтой нэгэн гэдгийг ажлаа хийсээр байгаа болон майхны гадна сууж буй дүрслэлээр нь харж болдог. Хамгийн цаана сууж буй цэргийн хувцастай залуу бол цэрэгт явж ирээд энд хийж байгаа ажил нь өөрт нь амархан, тухтай санагдаж байгаа гэдгийг хойшоо налж суугаад юм идэнгээ таатай царайтай байгаа зэргээс нь харж болно.
00:00 00:00
Голд буй натюмортоороо Г.Одон зураач өөрийгөө ямар зураач болсноо баталсан байдаг. Орост түлхүү цэцэг, ваарыг дүрсэлдэг бол энэ зураг дээр өөриймшүүлж талх, мөнгөн аяга, масло зэрэг зүйлсээр реалист зургийн арга ажиллагааг тод томруунаар харуулсан байдаг. Уг зургийг судлаачид киноны нэг хэсэг шиг харагддаг учраас хүмүүст өгүүлэмжтэй олон зүйлсийг хүргэж байдаг гэж үздэг. Энэ зургаас сэдэвлэсэн киноны хэсэг ч бий.
00:00 00:00

Тэрбээр арав гаруй жил дүрүүдийн судалгаа хийжээ

Хосгүй үнэт таван бүтээлийн дөрөв нь 1950-аад онд зурагдсан байдаг нь тухайн үед олон зүйлсээс улбаалж Монголын дүрслэх урлаг эрчимтэй хөгжиж байсан гэдгийг харж болдог. 1950-иад оны Социалист нийгмийн хөдөө нутгийн амьдрал, өөрчлөлт, хамтын хөдөлмөрийг тухайн үеийн эгэл тариачдын дүрээр төлөөлүүлсэн уг бүтээл Монголын аж байдлын сэдэвт уран зургийн түүхэнд тодоор тэмдэглэгддэг. Тэрбээр арав гаруй жил дүрүүдийн судалгаа хийсэн нь реалист уран зургийн арга ажиллагаагаар дүр хоорондын драмлаг шинж, дотоод сэтгэлийн илрэл, өнгийн шийдэл, гэрэл сүүдрийн шилжилт, ерөнхийлөл зэргийг оновчтой илэрхийлснээс харагддаг.
00:00 00:00
00:00 00:00
Тус дэглэлт нь хосгүй үнэт зураг бүрийн хажуу дахь QR код руу “AR Mongolia” аппликэйшний уншигчийг чиглүүлэхэд харагдах ба хүүхдэдээ урлагийн боловсрол олгохоор галерейд ирсэн бол заавал үзүүлээрэй.
Монголын уран зургийн галерей түүх соёлын хосгүй үнэт бүтээлийн дүрүүдтэй бодитоор танилцах боломжийг үзэгчдэд олгож, AR технологид суурилсан сонирхолтой дэглэлтийг хийжээ.
Уран зураг удаан ажиглах нь хүний биед серотонин, допамины ялгарлыг нэмэгдүүлж, тархинд “аз жаргалын” дохио өгдөг. Ингэснээр оюун ухаан тайвширч, сэтгэл санаа тэнцвэржин, бүтээлч сэтгэлгээ идэвхэждэг билээ. "Ажлын дараа" хэмээх хосгүй үнэт уран зургийн нарийн ширийнийг ажин харж тархиа амраан бүтээлч сэтгэлгээгээ идэвхжүүлээрэй.


Хамтран ажилласан: Монголын Уран Зургийн Галерей
Тайлбарыг: Уран Зургийн галерейн сан хөмрөгч, урлаг судлаач Б. Мөнгөнчимэг
Гэрэл зургийг: MPA.MN Т.Анар
Нийтлэлийг: IKON.MN М.Батчимэг

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Баяраа [104.28.250.151] 2025/5/8
2 эмэгтэйг огт дурдсангүй. Миний бодлоор, цаад талын эмэгтэй бол гол дүрийн залууг архи ууж байгааг мэдсээр байж хэлэлгүй нуун дарагдуулсан гэмтэй, эсвэл тэрэнд сайн байх. Наад эмэгтэй бол, гол дүрийн залуугийн ээж нь эсвэл эгч нь байх магадлалтай, муу хүүг минь ингэж загнаж яахнав дээ гэсэн байртай өвгөнийг болиосой гэсэн байртай байна. Ногоон дээлт бол сэргэлэн, ажилтай эр байна, хэнийг ч аялдан дагахгүй, хийдгээ хийчихдэг. Миний хамгийн дуртай зургуудын нэг.
2 | 0 Хариулах
Зочин [139.5.219.116] 2025/5/8
сайн зураг зурахын тулд алхах хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.18] 2025/5/8
Хамраа ухаж буй залуугийн өвөрт гожин байнауудаа
2 | 0 Хариулах
Зочин [66.181.187.197] 2025/5/8
АГуу юмаа
0 | 0 Хариулах
Зочин [45.117.32.68] 2025/5/8
Дараагийн зураг Азарганы ноцолдоон байвал ямар вэ?
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.129] 2025/5/8
азарганы ноцолдооныг яаж харуулсан бол сонин санагдлаа
0 | 0 Хариулах
Зочин [45.117.32.68] 2025/5/8
Сайхан булан эхлүүлж байгаа юм байна баярлалаа амтархан үзлээ
2 | 0 Хариулах
Зочин [202.70.34.34] 2025/5/8
Гайхалтай
2 | 0 Хариулах
Зочин [64.119.31.216] 2025/5/8
Neriin tomooor bicheecheeeee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.143] 2025/5/8
Bichtsn l bnshd yun aimr haraaad bjeediiiin usegiin tom jijig aldaa bh shd
0 | 0 Хариулах